Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/11-НД НИЙТЛЭГДСЭН

Бельгийн Вант Улсын кино найруулагч Питер Бронсенсийг "Алтан гадас" одонгоор шагнав

С.Бадрал, iKon.mn
2017 оны 10 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Бельгийн Вант Улсын кино найруулагч Питер Бронсенсийг Алтан гадас одонгоор шагнав. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр гардуулан өглөө.

Питер Бронсенсийг Алтан гадас одонгоор шагнах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт:

“Монгол Улсын кино урлагийг хөгжүүлэх, монголчуудын түүх, соёл, аж амьдралыг дэлгэцийн уран бүтээлүүдээр дамжуулан дэлхий дахинд сурталчлан таниулахад оруулж буй хувь нэмрийг нь өндрөөр үнэлж Бельгийн Вант Улсын иргэн, кино найруулагч Питер Бронсенсийг Монгол Улсын төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнасугай” гэжээ.

Питер Бросенс нь Монголын кино урлагийг дэлхийн тавцанд гаргахад онцгой хувь нэмэр оруулсан хүн бөгөөд тэрээр 1993 онд “Талын хот” баримтат кино, 1998 онд “Нохой орон” баримтат уран сайхны кино, 1999 онд “Монголын дуу” баримтат уран сайхны киног багтаасан шинэ цагийн түүхэн гурвал буюу “Mongоlian trilogy” гурвал бүтээлийг Монголын найруулагч, зохиолчидтой хамтран бүтээж, дээрх гурвал дэлхийн 170 орчим кино наадамд оролцож нийт 30 шагнал хүртсэн байна.

Улмаар 2006 онд Монголын уран бүтээлчидтэй хамтран бүтээсэн “Хадаг” уран сайхны кино нь дэлхийн кино наадмуудаас 60 шагнал хүртжээ.

Тэрээр одоо зохиогдож буй “Улаанбаатар” олон улсын кино наадамд өөрийн 3 киногоо дэлгэн үзүүлж, кино наадмын онцлох найруулагчаар уригдан ирээд байгаа юм.

Дээрх кинонуудад Монголын талаас кино найруулагч Д.Төрмөнх, С.Бямбаа нараас гадна нийт 100 орчим жүжигчид, киноны уран бүтээлчид хамрагдсан оролцсон бөгөөд Монголын кино урлаг анх Петер Бросенсийн дэмжлэг, оролцоотойгоор дэлхийн 200 орчим кино наадмуудад оролцож нийт 50 гаруй тэргүүн дэд шагнал хүртсэн байна. Үүнээс Гран при, Швейцарь, Венециэс Алтан арслан зэрэг олон өндөр шагналыг хүртэж, “Хадаг” кино Белгийн төрийн шагнал хүртсэн юм.

Тэрээр мөн дэлхийн хэмжээний нийт 75 шагналыг 370 кино наадмаас хүрсэн Европын холбооны шилдэг найруулагч ажээ.

Түүний Монголын киног дэлхийн тавцанд гаргах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсныг нь Монгол Улсын Ерөнхийлөгч өндрөөр үнэлж Алтан гадас одонгоор ийнхүү шагналаа.