Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/11-НД НИЙТЛЭГДСЭН

Байшингийн хэмжээтэй астероид маргааш Дэлхийд ойрхон өнгөрнө

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 10 сарын 11
iKon.MN
Зураг зураг

“2012 TC4” нэртэй сансрын чулуулаг биет маргааш буюу Пүрэв гарагт дэлхийгээс 44,000 км зайтай нисэж өнгөрнө хэмээн мэргэжилтнүүд тооцоолжээ. Манай дэлхийг тойрон байрласан хиймэл дагуулууд 36,000 км өндөрт байдаг тул энэ нь хиймэл дагуулуудаас арай хол өнгөрнө гэсэн үг.

Дэлхий ба сарны зайн наймны нэгийн хэмжээтэй алсуур өнгөрнө. Энэ удаа дэлхийд ямар нэг аюул учруулахгүй, хиймэл дагуулуудад ч аюулгүй гэж судлаачид мэдээлжээ.

Одоогоос таван жилийн өмнө анх дэлхийд ойр өнгөрөхөд нь эрдэмтэд түүнийг мэддэг болсон тул “2012 TC4” нэрийг өгсөн юм байна.

Тухайн үед энэ удаагийнхаас хоёр дахин хол зайд өнгөрсөн гэнэ.

Маргааш ойртох астероид нь 15-30 метр өргөнтэй буюу 2013 онд ОХУ-ын Челябинскт дэлбэрсэн солиртой ижил хэмжээтэй. Челябинскийн солир агаар мандалд орж ирж дэлбэрэхдээ Хирошимагийн атомын бөмбөгнөөс 30 дахин илүү кинетик энерги ялгаруулж, 5,000 орчим байшингийн цонхыг хагалж, 1,200 хүнийг гэмтээж байжээ.

Хүмүүс Челябинскийн солирыг л сайн мэддэг бол яг ийм хэмжээтэй биетүүд хэдэн мянгаар нарыг тойрон эргэлдэж байдаг гэнэ. TC4 нь нарыг 609 хоногийн хугацаанд тойрдог ба 2050, 2079 онуудад дахин дэлхийд ойртоно.

2050 онд мөн аюулгүй өнгөрөх хэдий ч ингэхдээ замаасаа бага зэрэг гажиж, 2079 онд ирэхдээ дэлхийд аюул учруулж магадгүй гэж тооцоолжээ. Гэхдээ магадлал нь 750-д нэг гэж үзэж байна. Одоогоор дэлхийд аюул учруулах магадлалтай биетүүдийн жагсаалтад эрсдлээрээ 13-т жагсжээ.

Тиймээс 2050 онд өнгөрөхөд нь дараагийн ирэлтийн замыг нарийн тооцоолох шаардлагатайг эрдэмтэд онцолсон байна.

Жил бүр TC4 шиг хэмжээтэй биетүүд дэлхийд гурван удаа ойртдог гэнэ. Тухай бүрт нь судлаачид нисэн өнгөрөх замыг нь тодорхойлж, дараагийн удаад хэзээ, ямар замаар ойртохыг тооцоолдог юм байна.

 

Эх сурвалж: The Guardian