Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/11-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп Хойд Солонгосын цэргүүдтэй нүүр тулж магадгүй

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Ирэх сард Ази тивийн орнуудаар хийх айлчлалын хүрээнд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хоёр Солонгосыг тусгаарлаж байдаг, дэлхийн хамгийн их аюултай хилийн зурвас болох Зэвсэггүй Бүс (DMZ-Demilitarized Zone)-д зочлох гэж байгааг Өмнөд Солонгосын Ёнхап агентлаг мэдээллээ.

1950-1953 оны Солонгосын дайнаас хойш Хойд, Өмнөд Солонгосыг зааглаж байгаа энэ газар нь Трампын зочлох газруудын тоонд байгааг тэд мэдээлсэн байна.

Трамп бас Япон, Хятад, Вьетнам, Филиппин улсуудад саатах юм.

Зэвсэггүй бүсэд хоёр талын цэргүүд нүүр тулан харуулд зогсдог тул Трамп Хойд Солонгосын цэргүүдтэй шууд нүүр тулах боломжтой болж байна. Өмнө нь төрийн нарийн бичгийн дарга Рэкс Тиллерсон энд зочлох үеэр түүний ар талд Хойд Солонгосын цэрэг зургийг нь авч байгаа дүрс хэвлэлүүдэд нийтлэгдэж байв.

 

Дээрх мэдээлэлтэй зэрэгцэн АНУ-ын хоёр стратегийн бөмбөгдөгч B-1B онгоц өнгөрсөн шөнө Солонгосын хойгийн дээгүүр нислэг үйлдсэн тухай мэдээлэл бас тарлаа. Гуамаас хөөрсөн бөмбөгдөгчдийг Өмнөд Солонгосын хоёр F-15K сөнөөгч онгоц, мөн Японы сөнөөгч онгоцнууд дагалдан ниссэн байна.

Энэ нь АНУ-ын онгоцыг анх удаа Япон, Өмнөд Солонгосын онгоцнууд хамт даган шөнийн сургуулилалтын нислэг үйлдсэн тохиолдол болжээ.

Бөмбөгдөгч онгоцнууд Өмнөд Солонгосын зүүн эргийн усанд агаар-газар ангиллын пуужин харваж сургуулилсан бол дараа нь Өмнөд Солонгос-Хятадыг тусгаарлаж байдаг баруун эргийн усанд дээрх дасгалаа давтсан байна.

Уг сургуулилалт нь АНУ ба түүний холбоотнуудын байлдааны бэлэн байдлыг шалгахын хажуугаар Хойд Солонгост хүчин чадлаа харуулсан хэрэг гэж ажиглагчид үзэж байгаа юм.

 

Эх сурвалж: The Guardian