Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/11-НД НИЙТЛЭГДСЭН

Казахстантай муудалцсан Киргизийн ерөнхийлөгч ОХУ-д хийх айлчлалаа цуцалжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Энэ долоо хоногт ОХУ-ын Сочи хотод болох Тусгаар Улсуудын Хамтын Нийгэмлэгийн уулзалтад оролцохгүй болсноо Киргизийн ерөнхийлөгч Алмазбек Атамбаев өчигдөр мэдэгджээ. Тэр ийм шийдвэр гаргах болсон шалтгаанаа энэ сарын 15-нд Киргизистанд болох ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр үймээн самуун дэгдэхээс болгоомжилсных гэж тайлбарласан байна.

Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудын дээд уулзалтад тус улсыг ерөнхий сайд Сапар Исаков төлөөлөн оролцохоор болжээ. Атамбаевын мэдэгдэлд “Сонгуулийн өдөр зарим улс төрийн хүчин гадаадын санхүүгийн дэмжлэгтэй, гэмт хэргийн элементүүдийн оролцоотойгоор үймээн самуун дэгдээх гэж байгаа тухай баримт илэрсэн тул ажлын айлчлалаа цуцалж, улс орныхоо аюулгүй байдалд анхаарал хандуулахаар шийдлээ” гэж өгүүлсэн байна.

Үүнээс хоёр хоногийн өмнө Атамбаев хөрш Казахстаныг ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явцад нөлөөлөхөөр оролдож байна гэж олны өмнө шүүмжилсэн юм. Нэр дэвшигчдийн нэг болох Омурбек Бабановыг хөрш улс нь ил цагаан дэмжиж байгааг хэлсэн Атамбаев бас Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаевыг хатуу шүүмжилсэн байна.

Тусгаар Улсуудын Хамтын Нийгэмлэгийн уулзалтад Назарбаев оролцохоор төлөвлөөд байгаа юм. Атамбаев үндсэн хуулийн хоригийн дагуу хоёр дахь удаагаа ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжгүй. Харин тэр өөрийн эрх баригч Социал Демократ намын нэр дэвшигч, ерөнхий сайд асан Сооронбай Жээнбековыг илт дэмжиж, сөрөг хүчнийхэнд шүүмжлүүлж байгаа юм.

Өнгөрсөн сард Киргизийн аюулгүй байдлыг хамгаалах албаныхан өрсөлдөгч Бабановыг дэмжигч парламентийн гишүүнийг улс оронд үймээн самуун дэгдээхээр төлөвлөж байна гэж буруутган баривчилжээ.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty