Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/11-НД НИЙТЛЭГДСЭН

Холливүүдийн алдартай продюсерийг тойрсон сэкс дуулианд Анжелина Жоли, Гвинет Пэлтроу нар нэмэгдлээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт The New Yorker сэтгүүлд Холливүүдийн алдартай найруулагч, Weinstein Co кино компанийг үүсгэн байгуулагч Харви Уэйнштэйнийг тойрсон бэлгийн дарамт, хүчирхийллийн хэргүүдийн  тухай анх мэдээлсэн юм. Түүнийг 1990-2015 оны хооронд 13 эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн, заримтай нь хүчээр бэлгийн харилцаанд орсон тухай баримтыг дэлгэжээ.

Тэрээр жүжигчин бүсгүйчүүдийг ийнхүү дарамталж, хариуд нь киноны дүр өгөх зэргээр харж үздэг байсан гэнэ. Тухайлбал 2004 онд дүр шалгаруулалтад оролцож байсан коллежийн оюутан Люсиа Эванс Мирамакс компанийн Трибека дахь байранд продюсертэй бэлгийн харилцаанд ороход хүрч байснаа ярьжээ. Мөн Италийн жүжигчин, найруулагч Асиа Аргенто 1999 онд Каннын кино наадмын үеэр Уэйнштэйнтэй хүчээр унтсанаа дэлгэсэн байна.

Аргенто “Тэр маш олон хүнийг ингэж дарамталсныг би мэднэ. Гэхдээ тэд хэзээ ч энэ тухайгаа ярьж байгаагүй” гэжээ. Розанна Аркуэт, Мира Сорвино гээд бусад эмэгтэйчүүд ч ийм мэдээлэл өгсөн байна.

Харин өчигдөр тэдэн дээр Холливүүдийн алдартай жүжигчин бүсгүйчүүд болох Анжелина Жоли, Гвинет Пэлтроу нар нэмэгджээ. Пэлтроуг 22 настай байхад нь Уэйнштэйн зочид буудлын өрөөндөө массаж хийж өгөхийг шаардан дарамталж байсныг The New York Times сонинд ярьсан юм. Тухайн үед найз залуу нь байсан Брэд Пит үүнийг мэдээд киноны нээлтийн үеэр Уэйнштэйнтэй гар зөрүүлж байсан гэж ярьжээ.

Анжелина Жоли мөн Уэйнштэйний ийм халдлагад өртөж байснаа гэрчилж ”Залуу насанд минь ийм зүйл тохиолдож байсан тул би түүнтэй дахиж хэзээ ч ажиллаагүй, бусдыг ч түүнтэй хамтрахгүй байхыг зөвлөдөг болсон” гэж бичсэн байна.

Өчигдөр бас 65 настай продюсер Уэйнштэйний эхнэр Жиоржина Чэпмэн түүнээс салж байгаагаа мэдэгджээ. Салах болсон шалтгаан мэдээж дээрх дуулиантай холбоотой.

Дуулиант мэдээ гарснаас гурав хоногийн дараа Weinstein Co компани үүсгэн байгуулалцсан хүмүүсийнхээ нэг болох Уэйнштэйнийг компаниасаа хөөж байгааг зарласан юм.

Мөн тус компани нэрээ солих тухай ярьж эхэлснийг зарим эх сурвалжууд мэдээлжээ.

Уэйнштэйн нь “Shakespeare in Love”, “Malena”, “Kill Bill: Vol 3”, “Crouching Tiger, Hidden Dragon: Sword of Destiny”, “Gangs of New York” зэрэг олон киног бүтээсэн Холливүүдийн томоохон продюсеруудын нэг юм. Тэрээр Мирамакс кино компанид ажиллаж байгаад 2005 онд тус компаниас гарч Weinstein Co компаниа байгуулж байжээ.

Пүрэв гарагт түүний тухай мэдээлэл тарснаас хойш Уэйнштэйн олон нийтэд хандаж ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.

 

Эх сурвалж: Associated Press