Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/11-НД НИЙТЛЭГДСЭН

Дилав Хутагтын шадар Ламтан Монголд

Ч.Үл-Олдох
2017 оны 10 сарын 11
Зууны мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Монголоо олоод ирлээ шүү дээ” хэмээн алгаа хавсран залбирах өвгөн ламтан саяхан Төрийн ордноо морилж, есөн хөлт цагаан тугандаа мөргөж баяр хөөр болсон нь тэртээ 1964 онд Монголоос АНУ-д очсон анхны монгол хүмүүсийн нэг, Дилав хутагтын отгон шавь, өдгөө 85 насны сүүдэр зооглож яваа өвгөн лам Лувсанхайдав байв. Тэрээр бараг хагас зуун жилийн дараа төрсөн нутагтаа ирсэн нь энэ юм. Түүнийг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Хулан хүлээж авч уулзах үеэр цөөн хором ярилцах завшаан тохиолоо.

-Та сайхан намаржиж, амгалан морилж явна уу?

-Би 1964 онд Монголоосоо гарсан. 53 жилийн дараа эх нутагтаа ирлээ. Монголоо олоод ирлээ шүү дээ. Их сайхан байна. Олон газраар явлаа. Их зүйл өөрчлөгджээ. Байхгүй юм ч алга. Монгол минь үнэхээр сайхан болжээ.

Агаар салхи нь, ямар ч хүний сэтгэлийг хайлуулж байдаг хайлган намар цаг, уулзаад мэндлэхэд мэдрэгддэг монгол хүний сайхан сэтгэл хэвээрээ байна. Үр хүүхэд нь сайн яваг гэж цай сүүгээ өргөхөөс эхлээд эх дэлхий, хамаг амьтны сайн сайхны төлөө залбирч байдаг монгол ёс заншил минь хэвээрээ байна/ нүдэнд нь нулимс бүрхсэн ч нүд нь баяртайгаар гялалзаж байв/.

-Хол замд морин хоточ хийж ирсэн таны хүү “ Аав минь эндээс цааш насны даваа улам л өндөрсөж, урт холын аянд алжааж ядрах нь их болох биз ээ. Энэ жил зүтгэж ирлээ, удахгүй буцна” гэж байна лээ?

-Тийм ээ. Монголдоо ирээд нэлээд хэд хоночихлоо. Буцах дөхөж байна.

- Та хууль ёсыг чанд сахидаг АНУ-ын иргэншил авч, тэнд амьдарч байгаа монгол хүн. Монголдоо ирээд Төрийн ордон руу нэвтрэхэд ямар санагдав. Төрийн ордон руу жинсэн өмд, пүүзтэй хүнийг нэвтрүүлдэггүй учраас хүү чинь гадаа үлдчихлээ?

-Монголчууд төрөө хүндэлдэг ард түмэн.Төрийн минь сүлд өршөө гэж хаа газраас залбирч суудаг даа. Төрийн ордондоо орж, гарах дэг ёс чанд байгаа нь маш зөв. Хууль чанга байх тусмаа Монголд минь л сайн шүүдээ.

-Та өөрийн түүх намтар болон АНУ руу хэрхэн гарсан тухайгаа манай уншигчдад хуучилна уу?

-Миний төрсөн нутаг, хошуу бол Зүүн Сөнөд.Тэнд төрсөн ч би Баруун Сөнөдөд өссөн хүн. Одоогоор бол Сүхбаатар аймгийн Дарьганга сумын урд хэсэг юм даа. Яагаад Баруун Сөнөдөд өссөн бэ гэвэл тэр үед тэнд номтой сайн лам нар ирж, хийд байгуулан гарын шавь нар авч байж л дээ. Манай сүм 300-гаад шавьтай байсан юм. Би хоёр настайдаа их хүнд өвдөж, аав, ээж минь тэр хийд рүү очиж лам багшаар ном уншуулж тогтоолгосон гэдэг юм.

Зургаан настайдаа дахиад хүнд өвдөхөд хийдэд аваачаад багш ламд “Та энэ хүүхдийг ав“ гээд өгчхөж л дээ. Багаасаа бурхны ном үзэж, сүм хийдээр дамжсан даа. Миний багш Да лам Намжилдорж Дилав хутагтын шавь байсан. Гүмбэн, Лxac гээд хаа явна, намайг дагуулж явна. Би тэр үед долоон настай байсан. Тэр үед Дилав хугагт “Та хэд түрүүлээд Лxac руу явж бай, би араас чинь очно” гэж л дээ. Дилав хутагтын өөрийнх нь шавь Жамбалдорж, манай багш Да лам Намжилдорж, миний бие болон Очир дарь хувилгаан Лхаст очсон. Тэнд байж байгаад Дилав хутагттай уулзсан.

Тэндээс Дилав хугагт АНУ руу явахад би Энэтхэг рүү явсан. Энэтхэгт амьдарч байтал 1964 онд Дилав хутагт бие нь чилээрхэж өөрийн ойр дотнын хэдэн хүнээ татаж авъя гэж АНУ-ын Засгийн газарт хандсан юм билээ. Ингээд Дилав хутагтын өөрийнх нь шавь Жамбалдорж, манай багш Да лам Намжилдорж, миний бие болон Очир дарь хувилгаанд урилга ирүүлснээр бид тэнд очсон. Бас хутагтын дагуул, бараа бологч гээд нэлээд хэдэн хүн байсан. Түүнээс хойш би Америкт амьдарч байна. Монголдоо нэг ч ирээгүй. Нас дээр гарч, эх нутагтаа очъё гэж зориод ирлээ. Хүсэл мөрөөдөл минь биелсэнд баяртай байна.

-Тэгэхээр та чинь Дилав хутагтын дэргэд байсан, түүнийг сайн мэдэх сүүлчийн амьд гэрч байна шүү дээ?

-1940 оноос 1965 оныг хүртэл мэднэ.

-Америкт анх очсон, тэнд суурьшсан монголчууд. Бас анхны Монгол судлалыг тэнд бий болгосноороо та бүхэн минь ач гавьяатай гэж бид боддог?

- Монгол судлалыг дэлгэрүүлэхэд Дилав хутагтын оруулсан хунь нэмэр, үзүүлсэн нөлөө асар их. Да лам Намжилдорж багш маань Америкийн Берклийн их сургуульд багшилж байсан, хүндэт профессор. Тэнд монгол, түвд, уйгуржин монгол бичгийн номуудыг орчуулан гаргаж байсан. Хэвлэлийн жижиг үйлдвэртэй байв.

Мөн Индианагийн их сургуулийн монгол судлалыг Хангины Гомбожавтай хамтран эхлүүлсэн. Бас Гомбожав гуайг анхны Англи-Монгол хэлний толь бичгийг гаргахад оролцож байсан. Багшийн маань гараар бичиж гаргаж байсан судрууд одоо Берклийн их сургуулийн номын санд хадгалагдаж байгаа.

-Багшаас танд сургасан, захисан ямар зүйлүүд байна ?

-Ирээдүйд бурхны шашин дэлгэрэх сайн цаг ирнэ. Номоо үзэж байгаарай гэдэг байсан. Гомбожав хамбаас өөрт нь барьсан соёмбо үсэгтэй хадгийг аваад "Монгол хүн хэдий харь газарт яваа ч Өндөр гэгээн Занабазарынхаа зохиосон соёмбо үсэгтэй хадгийг өвөртөлж явахад толгой өөдөө, сэтгэл тэнүүн алхах ёстой Сайхан цаг ирнэ” гэж байсан даа. Тэр хадаг надад бий. Өнөөдөр Монголдоо ирж, Төрийн ордондоо орж, есөн холт цагаан тугандаа мөргөж залбирах хувь тохиол надад байсан байна шүүдээ.

- Монголын сүүлчийн хутагт гэж ярьдаг даа. Дилав xутагт маань ямар шидтэй хүн байв?

-Ямар ч хүн өөрийн ажил, амьдралын зам мөрийг асуухад шууд хэлдэг, ирээдүйд болох зүйлийг ч урьдчилаад хэлчихдэг хүн байсан. Эрт цагт шид үзүүлсэн, эрдэм чадалтай хүмүүст хутагт цол олгож байсан түүхтэй.

-Та Америкт монгол дээлээ байнга өмсдөг үү?

-Хааяа өмсдөг. Наашаа ирэхдээ шинэ дээл хийлгэж өмсөөд гарсан.

-Таныг АНУ-ын Калифорнид Монголынхоо гар урлал, модон эдлэлийг хийж, ёс заншлаа сурталчилж байсан гэж дуулсан?

-Бурхан, шашны жижиг юм хийж байсан. Монголоос очсон хүмүүст гap урлал хийх талаар жаал жуул юм зааж өгч, ажил олтол нь тэндээ байлгадаг байлаа. Сүүлд монгол ёс заншлын тов ажиллуулдаг болсон, одоо ч байгаа.

-Танд их баярлалаа. Дахин уулзахын ерөөл тавья.

-Баярлалаа. Монголчуудын минь заяа өөдөө байг.

Зураг