Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/11-НД НИЙТЛЭГДСЭН

Владимир Путин: Крипто мөнгөн тэмдэгтүүд ноцтой эрсдэл дагуулж байна

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Мягмар гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин сүүлийн үед эрчимтэй хөгжиж байгаа крипто мөнгөн тэмдэгтийн зах зээлийн талаар анх удаа байр сууриа илэрхийлжээ.

“Олон улс оронд крипто мөнгөн тэмдэгтүүд бүрэн утгаараа төлбөрийн хэрэгсэл болчихсон, болж эхлээд байна. Бас хөрөнгө оруулалтын хэрэгсэл ч болжээ. Гэвч нөгөө талаар үүний хэрэглээ нь ноцтой эрсдэл дагуулж байгаа бa энэ талаар Оросын төв банктай би ижил ойлголттой байна” хэмээн Путин ярьсан байна.

Үүсэх боломжтой эрсдлүүдэд гэмт хэргийн гаралтай мөнгө угаалт, татвараас зугтах, терроризмийн санхүүжилт, луйврын сүлжээ зэргийг тэр дурджээ.

Мөн крипто мөнгөн тэмдэгттэй холбоотой бас нэг асуудал нь түүний ил тод биш байдал гэж үзсэн байна. Путин крипто мөнгөн тэмдэгтүүдийг “үл мэдэгдэх эх үүсвэрээс үлэмж хэмжээгээр хэвлэгддэг” тул асуудал тохиолдоход буух эзэнгүй гэдгийг анхааруулжээ.

ОХУ-ын эрх баригчид энэ зах зээлийг хэрхэн зохицуулах, иргэдийг болзошгүй хохиролоос сэргийлэх талаар судалж байгаа юм. Тус улсын парламентийн доод танхим крипто мөнгөний арилжааг зохицуулах хууль гаргахаар төлөвлөж байгаа. Харин сангийн яам нь пирамид хэлбэрийн луйвраас иргэдийг хамгаалах арга замыг судалж байгаа юм.

Оросын төв банкны нэгдүгээр орлогч захирал Сергей Швецов “Биткоин хэрхэн төлбөрийн хэрэгслээс хөрөнгө болон хувирч байгааг бид харж байна. Өөрөөр хэлбэл богино хугацаанд ашиг олохын тулд түүнийг худалдан авч байгаа. Үүнийг пирамид гэж нэрлэдэг” гэж ярьжээ.

 

Эх сурвалж: Russia Today