Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 60 тэрбумын хэргийг хаасан болон У.Хүрэлсүхийг Шадар сайдаар ажиллаж байх үед хууль бусаар тагнаж чагнан гүйцэтгэх ажил явуулсан асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар Ерөнхий хяналтын сонсгол явуулах тухай албан бичгийг өчигдөр УИХ-ын дарга М.Энхболдод илгээлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга анх удаа Монгол Улсын Ерөнхий хяналтын хуулийн холбогдох заалтуудын дагуу дээрх хоёр асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол явуулах тухай албан бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод илгээгээд байгаа юм.
Монголын төрийг 60 тэрбум төгрөгөөр арилжсан гэх “60 тэрбумын” хэргийг хаасанд ард иргэд илэрхий дургүйцэн тодорхой мэдээлэл шаардсаар байгаа болон Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсон У.Хүрэлсүхийг Шадар сайдаар ажиллаж байх үед хууль бусаар мөрдөн мөшгиж тагнан, гар утсыг нь чагнаж, бусадтай ярьсан яриаг нь бичлэг болгон улс төрийн зорилгоор олон нийтэд цацсан үйл ажиллагаа нь төрд итгэх иргэдийн итгэлийг алдагдуулж, иргэд, олон нийтийг айдаст автагдуулсан асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар Ерөнхий хяналтын сонсгол явуулах хүсэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ийнхүү УИХ-ын даргад явуулаад байна.