Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-Туркийн харилцаа муудаж, иргэдэд харилцан виз олгохоо зогсоолоо

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Туркийн эрх баригчид Истанбул дахь АНУ-ын дипломат төлөөлөгчийн ажилтныг баривчилсны дараа Ням гарагт Вашингтон Туркийн иргэдэд түр зорчих визийг олгохоо зогсоожээ.

Анкара дахь АНУ-ын элчин сайдын яам мэдэгдэлдээ Турк улсын эрх баригчид нутаг дэвсгэртээ байгаа Америкийн дипломат ажилтнуудын аюулгүй байдлыг хангах үүргээ мартсан нь сүүлийн хэрэг явдлаас харагдсан гэж үзээд Туркийн иргэдэд бүх төрлийн цагаачлалын бус визийг олгохоо зогсоож байна гэсэн байна.

Цагаачлалын бус визийг аялал жуулчлал, эмчилгээ, бизнес, түр хугацаагаар ажиллах, суралцах зорилготой аялагчдад олгодог юм.

Харин Анкара хариуд нь АНУ-ын иргэдэд бүх төрлийн виз олгохоо зогсоож байгааг мэдэгджээ.

АНУ-ын элчингийн мэдэгдлийг бараг үр бүрчлэн хуулсан мэдэгдлийг Вашингтон дахь Туркийн элчин сайдын яам гаргасан нь үнэн хэрэгтээ Америкчуудыг тохуурхсан шинж чанартай байв.

Истанбул дахь АНУ-ын дипломат төлөөлөгчийн ажилтныг өнгөрсөн онд Туркэд гарсан төрийн эргэлтийг зохион байгуулсан Фетуллах Гюлентэй холбоотой гэж сэжиглэн баривчилсан ажээ.

Түүнийг Туркийн засгийн газрыг унагах зорилготой тагнуулын ажиллагаа явуулсанд албан ёсоор буруутгасан юм. Америкийн тал баривчилгааг үндэслэлгүй гэж байгаа бол Эрдоганы төлөөлөгч Ибрахим Калин төрийн эргэлт гарсан шөнө гол сэжигтэнтэй Истанбулын консулаас утсаар ярьсан баримт олдсон гэж шийдвэрээ хамгаалжээ.

Туркийн эрх баригчид өнгөрсөн оны төрийн эргэлт хийх оролдлогыг зохион байгуулсан гэх шашны зүтгэлтэн Фэтуллах Гюленийг шилжүүлж өгөхийг Вашингтоноос удаан хугацаанд шаардаж байгаа юм.

 

Эх сурвалж: AFP