Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

Майкрософт гар утасны ертөнцөд ялагдсанаа хүлээн зөвшөөрлөө

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 10 сарын 9
IKON.MN
Зураг зураг

Анхны iPhone-ийг гарснаас хойш ухаалаг гар утасны зах зээлд нэвтрэх гэж олон удаа бүтэлгүйтсэн Майкрософт компани энэ санаагаа орхиж байгаагаа зарлалаа.

Майкрософт компанийн Windows 10 бүтээгдэхүүний дэд ерөнхийлөгч, PC-Tablet-Phone салбарын тэргүүн Жой Бэлфиор өчигдөр твиттер хуудсандаа нэгэн мэдэгдэл хийсэн байна.

Мэдэгдэлд өгүүлснээр тус компани цаашдаа Windows 10 Mobile системийн алдаа, цоорхойг засварлаж явах хэдий ч шинэ боломж нэмэхгүй, шинэ төхөөрөмж гаргахгүй болж байгаагаа зарлажээ.

Үүнээс өмнө тус компанийг үүсгэн байгуулагч Билл Гэйтс Windows системтэй гар утас барихаа больж, Андроид руу шилжсэнээ мэдэгдэж байсан. Мөн HP компани Windows системтэй гар утас үйлдвэрлэхээ зогсоож байгаагаа зарласан юм.

Үнэндээ Майкрософт мобайл төхөөрөмжинд Windows системээ түгээх гэж 20 орчим жил оролдож байгаа. Анх 1996 онд Windows CE хувилбарыг өврийн төхөөрөмжинд (digital assistant) зориулан гаргаж байв. Сүүлд 2000 онд Windows Mobile хувилбараа гаргасан юм.

Гэвч 2007 онд Apple iOS систем, 2008 онд Google Андроид системээ гаргаснаар Майкрософтын мобайл систем хүнд байдалд орсон байна. Хамгийн сүүлийн байдлаар Windows систем АНУ-ын гар утасны зах зээлийн дөнгөж 1.3 хувийг эзэлж байгаа нь ганцхан Blackberry-ийн (0.3 хувь) урд орох үзүүлэлт болжээ.

Харьцуулбал Android систем 64 хувь, iOS систем 34 хувийг эзэлж байгаа юм.

Тэд дэсктоп-мобайл хооронд ямар нэг саадгүй шилжиж ажиллах боломжийг Windows системийн давуу тал гэж сурталчилдаг байсан ч бодит байдал дээр энэ нь төдийлөн гайхуулаад байх зүйл биш болжээ.

 

Эх сурвалж: CNET