Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/06-НД НИЙТЛЭГДСЭН

Цөмийн зэвсгийг устгах хөдөлгөөнийхөн 2017 оны Нобелийн энх тайвны шагналыг хүртэхээр боллоо

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Дөнгөж сая Норвегийн Нобелийн шагналын хороо 2017 оны энх тайвны шагналтныг зарлалаа.

Энэ удаагийн Нобелийн энх тайвны шагналыг Цөмийн Зэвсгийг Устгах Олон Улсын Хөдөлгөөн (ICAN-International Campaign to Abolish Nuclear Weapons) байгууллага хүртэхээр болжээ.

Цөмийн зэвсэг хэрэглэхийн хор уршиг, үр дагаварт олон нийтийн анхаарлыг хандуулж, гэрээнд суурилсан цөмийн зэвсгийг хориглох арга замыг хэрэгжүүлэхэд амжилт гаргасныг нь үнэлсэн гэж Норвегийн Нобелийн шагналын хорооны дарга Бэрит Рэйсс-Андерсен тайлбарласан байна.

Тэдний санаачилсан Цөмийн зэвсэг хэрэглэхийг хориглох гэрээг өнгөрсөн долдугаар сард НҮБ хэлэлцэхэд дэлхийн цөмийн зэвсэгтэй есөн улс эсэргүүцэж байсан юм. Гэвч сар орчим хэлэлцсэний эцэст дэлхийн 122 орон гэрээг дэмжсэн байна. Гэрээний гадна үлдэгсэд нь цөмийн зэвсэгтэй орнууд болон тэдний хамгаалалт дор оршдог улсууд байжээ.

ICAN байгууллага 2007 онд байгуулагдсан, өнөөдөр дэлхийн 101 оронд 468 түнш байгууллагатай юм.

Энэ жилийн энх тайвны шагналыг Ираны гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зариф, Европын Холбооны гадаад бодлогын тэргүүн Федерика Могерини нарыг Ираны цөмийн хэлэлцээрийг байгуулсныхаа төлөө хүртэнэ гэсэн хүлээлт байсан.

Харин ICAN байгууллага шагналыг хүртэх болсон нь гэнэтийн явдалд тооцогдож байна.

 

Эх сурвалж: The Guardian