Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

“Эерэг хандлага-Эрүүл оюутан” аян энэ сарын 9-нд эхэлнэ

Т.Саран, iKon.mn
2017 оны 10 сарын 7
iKon.MN

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Эерэг хандлага-Эрүүл оюутан” аяныг хоёр дахь жилдээ зохион байгуулахаар болжээ.

Уг аяны зорилго нь оюутан, залуучуудыг эерэг хандлагад уриалж, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх арга замын талаар сурталчлан таниулах, эрүүл мэндийн даатгалын ач холбогдлыг ойлгуулж, даатгалд сайн дураараа хамрагдах сэдлийг бий болгох болон эрүүл мэндийн зан үйлтэй холбоотой бусад мэдээ мэдээллийг хүргэх, үзлэг шинжилгээнд сайн дураараа хамрагдах сэдлийг бий болгоход чиглэж байгаа аж. 

5,435 оюутан эрүүл мэндийн даатгалд хамрагджээ

 

Өнгөрсөн жил энэхүү аяныг өрнүүлснээр олон эерэг үр дүн гарсан байна. Тухайлбал, шинээр 5,435 оюутан эрүүл мэндийн даатгалд хамрагдаж, залуучуудын эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх зэрэг олон ажлыг хийжээ.

“Эерэг хандлага-Эрүүл оюутан” аян энэ сарын 9-нд эхэлнэ. Тус аяныг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам дэмжиж, Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон Залуучуудын хөгжлийн төвүүд, Монголын залуучуудын холбоо, Залуучуудын үе тэнгийн боловсролын үндэсний сүлжээ, Хүний хөгжил, нөхөн үржихүйн эрүүл мэнд эрхийн төрийн бус байгууллагуудын сүлжээ, Өсвөр үе, залуучуудад ээлтэй клиник зэрэг байгууллагууд хамтран ажиллах юм байна.

Тус аянд Нийслэл хот болон орон нутаг дахь томоохон их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн оюутан залуус хамрагдах ажээ. 

Аяны хүрээнд оюутан залуус хорт зуршлаас урьдчилан сэргийлэх арга замууд болон эрүүл мэнд нөхөн үржихүйн зан үйлийн талаарх зөвлөгөө мэдээлэл, Залуучуудын хөгжлийг дэмжихэд чиглэсэн төрийн бодлого хөтөлбөрийн ерөнхий ойлголтыг авахаас гадна Өсвөр үе, залуучуудын хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөрт саналаа өгөх боломжтой юм байна. 

Аяны хүрээнд ГБХЗХГ-ын мэргэжилтнүүд хэрхэн ажиллах хуваарийг хүргэе.

  • 10 дугаар сарын 09-нд Монгол Улсын Боловсролын Их Сургууль
  • 10 дугаар сарын 11-нд Отгонтэнгэр Их Сургууль
  • 10 дугаар сарын 11-нд Монголын Үндэсний Их Сургууль
  • 10 дугаар сарын 12-нд Их Засаг Олон Улсын Их Сургууль
  • 10 дугаар сарын 13-ний өдөр Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын политехник коллеж
  • 10 дугаар сарын 16-нд Техник технологийн дээд сургууль /МСҮТ/
  • 10 дугаар сарын 17-нд Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн 1,2,3 дугаар оюутны дотуур байр
  • 10 дугаар сарын 18-нд Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн 1,3,4 дүгээр оюутны дотуур байр
  • 10 дугаар сарын 19-нд Монгол Улсын Их сургууль, Монгол Улсын Боловсролын Их сургууль болон Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн 5 дугаар оюутны дотуур байр
  • 10 дугаар сарын 20-нд Олон Улсын Улаанбаатарын Их сургууль болон Налайх дүүрэг дэх Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутны дотуур байр тус тус аян өрнүүлнэ.

Орон нутгийн газар хэлтсүүд  дээрх үйл ажиллагаатай төстэй байдлаар харьяа Их дээд сургууль, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, Коллеж, дотуур байруудад оюутны эрүүл мэндийн аяныг нэгэн зэрэг зохион байгуулах ажээ.

 

Эх сурвалж: ГБХЗХГ