Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

Олон жилийн өмнө Хойд Солонгос цөмийн бөмбөгтэй болсноо Путинд хэлж байжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин сэтгүүлчидтэй уулзахдаа Хойд Солонгосын тал түүнд олон жилийн өмнө цөмийн бөмбөгтэй болсноо хэлж байсан тухай ярьжээ.

Путин “2001 онд би Японд айлчлах замдаа Хойд Солонгост саатаж одоогийн удирдагчийн эцэгтэй уулзаж байсан” гээд “Тухайн үед тэр надад цөмийн бөмбөгтэй болсноо хэлж байв. Бас тэдний их бууны галын тусгалд Өмнөд Солонгосын нийслэл Сөүл багтаж байгааг надад хэлсэн” гэж ярьсан байна.

“Ийм яриа хэзээ болсон байна? 2001 онд! Гэтэл одоо 2017 он гэхэд тэд хэдийгээр байнгын эдийн засгийн хориг дор амьдарч байгаа ч устөрөгчийн бөмбөгтэй болсон байна” гэж Оросын ерөнхийлөгч хэлжээ.

“Гэвч энэ уулзалтаас долоо хоногийн дараа хэн нэгний шийдвэрээр Хойд Солонгосын банкнуудын дансыг хаасан. Ингэх ямар хэрэг байсан юм бэ? Үүний дараа тэд бүх яриа хэлэлцээрээ зогсоож, цөмийн хөтөлбөрөө эхлүүлсэн. Өнөөдрийн нөхцөл байдалд ингэж хүрсэн юм” хэмээн Путин тайлбарласан байна.

Өөрөөр хэлбэл эдийн засгийн хориг, дарамт шахалт явуулж ирсний үр дүнд байдал улам муудсан. Эхнээсээ яриа хэлэлцээрийн замаар явах ёстой байсныг тэр ийнхүү ярьжээ.

Сэтгүүлчид түүнээс Пёньяны цөмийн аюулд санаа зовж байгаа эсэхийг асуухад Путин “Бид Хойд Солонгостой хил залгаа. Тэдний цөмийн туршилтын талбай манай хилээс 200 км зайтай. Харин АНУ хаана байдаг билээ? Орос, Хойд Солонгос хаана билээ? Тэгэхээр бид Америкчуудаас бага санаа зовно гэж байхгүй. Илүү санаа зовж байгаа” гэсэн байна.

Харин ОХУ Хойд Солонгостой ямар хамтын ажиллагаатайг асуухад “Манайхаас тэд жилд 40,000 тонн орчим газрын тос авдаг. Гэхдээ том компаниуд биш, жижиг аж ахуйн нэгжүүд, дилерүүд л нийлүүлдэг байх. Үүнээс өөр бидэнд ямар ч хамтын ажиллагаа байхгүй. Бараг тэг гэж үзэж болно” гэж тэр хариулжээ.

 

Эх сурвалж: ТАСС