2017/10/17
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,457.47₮
B32
УЛААНБААТАР
11°
|
-4°
B30
УЛААНБААТАР
|
-3°
B30
УЛААНБААТАР
10°
|
-2°
17:00
S32
18:00
S32
19:00
S32
20:00
S32
21:00
S32
22:00
S32
-1°
23:00
S32
-1°
00:00
S32
-2°
01:00
S32
-3°
02:00
S32
-3°
03:00
S32
-3°
04:00
S32
-4°

"Гэрэлт гудамж хэдхэн жил хийгдээд дуусах ажил биш"

Б.Мичидмаа, iKon.mn
2017 оны 10 сарын 9
iKon.MN

Дэлхийн хамгийн том цахим карт үйлдвэрлэгч "Gemalto" компанийн Монгол дахь албан ёсны дистрибьютерээр хоёр дахь жилдээ ажиллаж буй "United Investment Partners"  байгууллагын үйл ажиллагаа хариуцсан захирал, "Гэрэлт гудамж" төслийн санаачлагч О.Билгүүнтэй төслийн танилцуулга, ирэх жил хийгдэх үйл ажиллагааны талаар ярилцлаа. 

- Танд энэ өдрийн мэнд хүргэе. "Гэрэлт гудамж" төслийн талаар танилцуулаач?

- Танай хамт олонд энэ өдрийн мэндийг хүргэе. "Гэрэлт гудамж" төслийг таван жилийн өмнөөс бодож, судалсаар ирсэн.

Тухайн үед энэ зүйлийг хэрхэн яаж хийдэг талаар туршлага байгаагүй. Цаг хугацаа явж, судалгаа шинжилгээ сайн хийсний дараа төслөө бичин Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдод танилцуулахад “Энэ төслийг дэмжих хэрэгтэй юм байна” гээд эерэгээр дэмжин хүлээн авсан.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн нэгдүгээр зүйлийн 1.4.10-д заасан “Жуулчдын тоог нэмэгдүүлэх, тэдэнд зориулсан “Шөнийн Улаанбаатар” хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ” гэсэнтэй энэ төсөл бүрэн холбогдож байсан нь цагаа олсон гэж боддог.

Бүтэнсайн өдөр хүртэл ажлын хэсгээ хуралдуулж бүх төлөвлөгөөг гарган "Гэрэлт гудамж"-ны бүтээн байгуулалтыг гурван долоо хоногийн хугацаанд хийсэн. JCI-ASPAC Олон улсын чуулганы нээлт болох гэж байсан учраас бүтээн байгуулалтыг богино хугацаанд хийж гүйцэтгэсэн.

- "Гэрэлт гудамж"-ны санаа хаанаас улбаалан гарсан бэ?

- Өндөр хөгжилтэй орнуудад залуус, жуулчид болон экспатуудад зориулсан гудамжууд их байдаг.

Жишээ нь Сөүлийн Итэвон, Токиогийн Роппонги, Сингапурын Кларки Күэй, Хонг Конгийн Лан Куай Фон гэх мэт гудамжнууд бий. Гадаад орнуудаар аялдаг хүмүүс сайн мэдэх байх.

Эдийн засгийг бүрдүүлэгч томоохон хүчин зүйлсийн тоонд аялал жуулчлалын салбар ордог бөгөөд энэ нь уул уурхайгаас илүү эдийн засгийн хувьд өндөр ач холбогдолтой, том цар хүрээтэй, ашигтай салбар юм. Гадаад дотоодын жуулчид болон иргэдийн амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлж өгснөөр жуулчид олноороо манай нийслэлийг зорьж үүнийгээ дагаад хөрөнгө оруулалт нэмэгдэж, ажлын байр бий болсноор улсын хөгжилд эерэг нөлөө үзүүлэх юм.

Монгол Улсад жуулчдыг татах хийгээд залууст зориулсан газрууд ховор байдаг. Эдгээр асуудлыг бодож үзээд "Гэрэлт гудамж" байх хэрэгтэй юм байна гэсэн бодолтой болсон. 
Жуулчид ирэх тусам бид хотоо, өөрсдийгөө шинэчилж олон улсын жишигт нийцүүлэхийн тулд ажилладаг болно гэсэн үг. Ингээд үзэхээр бидэнд өндөр ашиг тустай салбар юм.

- "Гэрэлт гудамжинд" хэдэн хүн ирсэн тоо баримт байгаа юу. Нийгэм эдийн засгийн хувьд ямар үр дүн үзүүлсэн гэж бодож байна вэ?

Нэг жишээ дурдъя, Нью-Йорк Таймсын сэтгүүлч Жош Вэйл нийтлэлдээ “Гадны жуулчдын Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотыг зорин ирэх ганц шалтгаан нь олон улсын нисэх онгоцны буудал нь Улаанбаатарт байдагтай холбоотой. Бусдаар Улаанбаатар хотод хийгээд байх зүйл байхгүй, шууд хөдөө гарахыг илүүд үздэг” гэж нийтэлсэн байдаг.

Одоо бол Улаанбаатар хотод зорьж очиж чөлөөт цагаа өнгөрүүлэх нэг ч гэсэн газар бий болсон. “Гэрэлт гудамж”-нд ирсэн гадны жуулчдын тоогоор баталгаажиж байгаа юм.

Тоо баримтаас дурдвал

  • Зургаадугаар сард 379,000 орчим хүн
  • Долоодугаар сард 290,000 орчим хүн
  • Наймдугаар сард 195,000 орчим хүн
  • Есдүгээр сард 160,000 орчим хүн  

Нийт давхардсан тоогоор 1,024,000 орчим хүн ирсэн. Үүнээс 65,040 нь гадны жуулчид гэсэн тоо байна.

Нээлтийн өдөр буюу зургаадугаар сарын 8-ны өдөр давхардсан тоогоор 70,000 орчим хүн ирсэн байсан. Монгол Улсын хувьд ийм их хүн цугларч чадсан анхны тохиолдол байх. 

 

- Энэ төслийг танилцуулахад хүмүүс хэрхэн хүлээж авсан бэ?

- Төслийг анх танилцуулж байхад залуу хүүхдүүд гээд их гайхсан. Гэхдээ хөндөж байгаа асуудал нь яахын аргагүй хотын аялал жуулчлал, соёл урлагийн  хөгжлийн бодлоготой нийцсэн чухал сэдэв байсан. Залуус бид шинийг сэтгэж зорилготой, тууштай явбал төр засгаас дэмждэг юм байна гэдгийг энэ бодит жишээн дээр харж, ойлгож, эрч хүч, урам зориг авсан.

"Гэрэлт гудамж" Улаанбаатар хотын түүхэнд шинэ хуудсыг нэгээр нэмж, нийгмийг эерэг тал руу чиглүүлж, хүмүүсийн хүсэн хүлээсэн төслүүдийн нэг гэж бодож байна. Нийт иргэд ч тийм хандлагатай байгаа нь судалгааны дүгнэлт, хамтран ажилласан байгууллагуудын талархлаар харагдаж байгаа.

- Саяхан "Гэрэлт гудамж"-ны энэ зуны хаалтын үйл ажиллагаа болсон. Энэ онд дахин арга хэмжээ зохиогдох уу. Хэзээ эргэж нээгдэх вэ?

- Хаалтын арга хэмжээ өргөн цар хүрээтэй, зохион байгуулалттай сайхан болсон. Нийт 10,000 гаруй залуучууд цуглан урлагийн тоглолт үзэж сонирхсон. Урьдчилсан байдлаар дараа жилийн тавдугаар сард зуны нээлт хийх хүртэл тэмдэглэлт арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Энэ жилийн хувьд:

  • Аравдугаар сарын 29-нд "Нийслэлийн өдөр"
  • Аравдугаар сарын 31-нд "Halloween" баяр 
  • 12-р сарын 25-нд "Зул сарын баяр" 
  • 12-р сарын 31-нд "Шинэ жил"-ийн баяраар он гаргах үйл ажиллагаа зохион байгуулах төлөвлөгөөг гаргаж байгаа.

- "Гэрэлт гудамж" бий болсноор албан байгууллагуудын хандлага хэр өөрчлөгдсөн бэ?

-  Бид “Гэрэлт гудамж”-нд байрлах албан байгууллагуудтай зохион байгуулалттайгаар хамтарч үйл ажиллагаагаа явуулдаг.

Мэдээж хүний урсгал нэмэгдсэнээр байгууллагууд гаднах тохижилт доо илүү анхаарах болж, цаашлаад ажлын байр, орлого ашиг нь тодорхой хэмжээнд нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа.Энэ хэмжээгээр байгууллагуудын нийслэлд төлдөг татварын хэмжээ ч нэмэгдсэн. Мөн "Гэрэлт гудамж"-нд байнгын хөтөлбөртэй урлаг соёлын арга хэмжээ тогтмол зохион байгуулагддаг нь нэг талаасаа сайн дурын, залуу уран бүтээлчдийг нийтэд хүртээл болгон, ил гаргахад том  түлхэц болсон. Гудамжны хоолны соёл, урлаг соёлыг нийтэд түгээн, нийгэмд эерэг уур амьсгал бүрдүүлсэн.

- Ирэх жил ямар төлөвлөгөөтэй байна вэ?

- Гэрэлтүүлэг, тоног төхөөрөмжүүдийг нэмж, Наран молл хүртэл "Гэрэлт гудамж"-ийг сунгана. Олон улсын жишигт нийцсэн гудамжийг бий болгох зорилт тавин ажиллаж байна. 

"Гэрэлт гудамж" хэдхэн жил хийгдээд дуусах ажил биш. Энэ бол цаашдаа тогтмол байж хөгжих зүйл юм. Дашрамд хэлэхэд бид дараа жил дэлхийн алдартай уран бүтээлчдийг авчирч томоохон шоу тоглолтыг нийслэлчүүддээ хүргэх зорилт тавиад байгаа.

Бид анхны удаагийн үйл ажиллагаанаасаа маш их туршлага, санал гомдлууд авсан. Үүн дээрээ үндэслэн жил бүр улам сайжруулан ажиллах болно гэдгээ амлаж байна.

- Талбайн хэмжээг сунгана гэж хэллээ. Яагаад анхнаасаа том хэмжээтэйгээр нээгээгүй юм бэ? 

- Том талбайд хүн багатай үзэх юм цөөхөн бол хэцүү шүү дээ. Төлөвлөгөө нурлаа л гэсэн үг. Тийм учраас гарч болох эрсдлүүдийг тооцож үзээд мөн иргэдээс ирэх хандлагыг харах хэрэгтэй болсон учраас эхний ээлжид жижиг хэмжээтэйгээр нээсэн.

- Согтууруулах ундааг хараа хяналтгүй, бага насны хүүхдийн хажууд борлуулж байна гэсэн шүүмж ирсэн. Энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ?

- Гудамжийг сунгаж байгаа болохоор энэ асуудлыг шийдэж чадахаар болсон. Шинээр бий болж байгаа хэсгийг архи тамхигүй, гэр бүлээрээ салхилах боломжтой хөтөлбөр, арга хэмжээтэй орчинг бий болгоно.

Харин өмнөх хэсэг нь насанд хүрсэн хүмүүст зориулагдсан байх бөгөөд тамхи татах цэгийг тусдаа бий болгож өгөх юм. Хүссэн газраа тамхи татаж байгаа иргэд сануулах самбар хараад өөрсдөө ухамсарлаад болих байх гэж найдаж байгаа.

- Цагдаагийн байгууллагыг  дурдахгүй байж болохгүй. Хамгийн гол үүрэг гүйцэтгэж байгаа хүмүүс билээ. Анх хэрхэн хүлээж авсан бэ?

- Мэдээж цагдаа нар ирсэн хүн бүрийн аюулгүй байдлыг хангаж, гэмт хэрэг болохоос урьдчилан сэргийлж, байнгын сонор сэрэмжтэй байх шаардлагатай байдаг. Хэв журмын болон замын цагдаа нартаа талархахгүй байхын аргагүй.

Ирж байгаа хүмүүсийн хандлага ч гэсэн эрс өөрчлөгдөж, бие биенээ хүндлэн, аливаад тайван хүлээцтэй ханддаг болсон нь анзаарагдсан.

 
`Гэрэлт гудамж` төслийн менежментийн баг

- "Гэрэлт гудамж" төслийн ажил хийгдэж байхад залуу хүний хувьд юуг хамгийн ихээр ойлгосон бэ?

- Энэ тухайд би гэхээс илүүтэйгээр хамтран ажиллагсдаа дурдахыг хүсэж байна. Энэ төсөл олон хүний хүч хөдөлмөр, хичээл зүтгэлээр бүтсэн ажил. Мэдээж олон мянган хүний урсгалыг зохицуулах, зохион байгуулах нь хялбар ажил биш. Манай хамт олны хувьд төслийн менежментээр дагнан үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс гадна өөр олон төсөл хөтөлбөрүүд дээр ажилладаг. Залуу хүний хувьд аливаа ажлыг урагшлуулахад багийн болон холбогдох байгууллагуудын хамтын ажиллагаа юу юунаас илүү чухал гэдгийг ойлгосон.

Залуучууддаа хандаж хэлэхэд надад туршлага байхгүй, бэлэн болоогүй байна гээд хойш суух биш, толгойд чинь ямар шинэ санаа байвал түүнийгээ боломжит бүх хувилбараар  хийж оролдож үзэх хэрэгтэй. Үр дүнг нь мэдрээгүй байж урьдчилан харсан сөрөг таамгаараа айх хэрэггүй гэж хэлмээр байна.

 

Мөн Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын дэмжлэг санаачлагаар хэрэгжсэн "Гэрэлт Гудамж" төсөлд хамтран ажилласан.

  • Нийслэл Улаанбаатар хотын нийт иргэн
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд
  • Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр
  • Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба
  • Нийслэлийн Хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газар
  • Нийслэлийн Соёл урлагийн газар
  • Нийслэлийн Аялал жуулчлалын газар
  • Нийслэлийн Тохижилт үйлчилгээний газар
  • Цагдаагийн Ерөнхий Газар
  • Нийслэлийн Цагдаагийн Газар
  • Нийслэлийн Замын цагдаагийн газар
  • Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газар
  • Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс
  • Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн хэлтэс
  • "Гэрэлт Гудамжны" менежментийн баг хамт олон
  • Тохижилт гэрэлтүүлгийн компаниуддаа дэмжин ажилласанд гүнээ талархал илэрхийлж байна.

  

 

x