Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

Цагдаа руу салаавч гаргасан этгээдийн гомдлыг хүлээж авсангүй

Өглөөний сонин
2017 оны 10 сарын 4
MorninigNews.mn
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Төв шуудангийн уулзварт замын хөдөлгөөнийг зохицуулж байсан цагдаа н.Отгонбаатар руу салаавч гаргаж танхайрсан Б-ын гомдлыг хэлэлцэх шүүх хурал өчигдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Иргэн Б Зөрчлийн тухай хуулийн дагуу оноосон 250 мянган төгрөгийн торгуулийг төлөхийг эсэргүүцэж, шүүхэд гомдол гаргажээ.

Энэ гомдлыг шүүх бүрэлдэхүүн хэлэлцэж хүчингүй болгосон байна. Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтэс Б-д эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж, Зөрчлийн тухай хуульд зааснаар 250 мянган төгрөгөөр торгох саналтайгаар хэргийг нийслэлийн Прокурорын газар руу шилжүүлжээ. Ингээд прокурорын дүгнэлт гартал олон нийтийн газар танхайрсан этгээд Б-г 48 цагийн хугацаанд хорьж, саатуулаад байсан.

Харин прокурорын байгууллага хэргийг хянаад цагдаагийн байгууллагаас оногдуулсан 250 мянган төгрөгийн торгуулийн шийтгэлийг нотлох баримтгүй буюу торгуулийн хуудасгүй гэсэн шалтгаанаар хүчингүй болгож тодорхой хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулахаар Сүхбаатар дүүргийн шүүхэд дүгнэлт бичиж хүргүүлсэн аж. Тиймээс түүний торгуулийн шийтгэлийг хүчингүй болгосон ч баривчлах эсэхийг тусад нь шалгахаар шүүх шийдвэрээ гаргажээ. Тодруулбал, зөрчлийг үргэлжлүүлэн шалгах эрх прокурорын байгууллагад хэвээр үлдлээ.

Шүүхийн энэхүү шийдвэрийг прокурор эсэргүүцэх юм бол давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. Хэрвээ шүүх хуралд оролцогч талууд давж заалдах шатны шүүхэд хандахгүй бол анхан шатны шүүхийн шийдвэр эцсийн шийдвэр болохыг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдээлэв.

Хэргийн талаар эргэн сануулахад, есдүгээр сарын 21-нд 17-93 УБҮ улсын дугаартай “Ланд 200” маркийн машиныг замын цагдаа дохиж зогсоон, машин болон жолоочийн бичиг баримтыг шалгахад уг машинд зорчиж явсан Б гэгч иргэн, үүргээ гүйцэтгэсэн цагдаа руу салаавч гаргаж, танхайрсан бичлэг олон нийтийн цахим сүлжээнд цацагдсанаар уг хэрэг ил болсон.

Мөн цагдаа автомашины дуут дохионы зөвшөөрлийг нь шалгахад бичиг баримтын зөрчилтэй байсан учраас 17-93 УБҮ улсын дугаартай, “Ланд-200" маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ч.Б-д тээврийн хэрэгслийн тусгай дуут дохиог зөвшөөрөлгүй ашигласан зөрчилд хуулийн дагуу жолоочийн зөрчлийн бүртгэлийн 10 онооноос гурвыг хасаж, Зөрчлийн тухай хуулиар 80 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авсан байдаг.

Зураг