Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

“Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад Монгол Улсын оруулах хувь нэмэр” форум эхэллээ

ikon.mn
2017 оны 10 сарын 3
iKon.MN
Зураг зураг

“Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад Монгол Улсын оруулах хувь нэмэр” чуулган өнөөдөр эхэллээ. Уг чуулган маргааш хүртэл үргэлжлэх юм. Чуулганыг нээж БОАЖ-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Оюунхорол үг хэлсэн бөгөөд түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.


Эрхэм  нөхөд өө,

Эрхэм хүндэт  зочид, төлөөлөгчид өө,

Та бүгдийн  энэ өдрийн амар  амгаланг айлтгаж,  “Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад Монгол Улсын оруулах хувь нэмэр”  сэдэвт өнөөдрийн чуулганд оролцохоор  хүрэлцэн ирсэнд гүн талархал илэрхийлж байна.

Өнгөрсөн сард манай хөрш БНХАУ-ын Ордос хотноо болсон НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх Конвенцийн Талуудын 13 дугаар хурлын үеэр, НҮБ-ын суурь гурван конвенцийн уялдаа холбоог хангах, тэдгээрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай байгаа санхүүжилт, түншлэлийн асуудлаас гадна ахиц дэвшлийг хянах үнэлгээний арга зүйг сайжруулах талаар онцгойлон дурдаж, эдгээр чиглэлээр бүх түвшинд хамтран ажиллахыг уриалсан билээ. Иймээс өнөөдөр  уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах дэлхийн нийтийн зорилгод Монгол Улсаас оруулах  хувь нэмрийг хэрэгжүүлэхэд онцгой чухал үүрэг бүхий түншлэл, хамтын ажиллагаа, санхүүжилтын тухай хэлэлцүүлэг өрнүүлэх гэж байгаад би маш баяртай байна.

Монгол Улс нь далай тэнгисээс алслагдмал, хуурай ширүүн уур амьсгалтай, газарзүйн өндөрлөг байршилтай, байгаль экологийн энэ байдлыг дагасан бэлчээрийн мал аж ахуй  зонхилон эрхэлдэг зэрэг онцлогоос хамааран  даян дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд  нэн эмзэг  орон юм.  Зөвхөн өнөө жилийн  байдлыг аваад үзэхэд хур бороо оройтож,  ихэнхи нутгаар хуурайшил, гантай байсны улмаас ойн түймэр их гарч, хортон шавжийн тархалт их, газар тариалангийн бүс нутгаар  ургац муутай байлаа.

Нөгөөтэйгүүр, зарим нутгаар ширүүн бороо их орж,  зам гүүр эвдэж эдийн засгийн багагүй хохирол учрууллаа.  Хэдийгээр даян дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд Монгол улсаас оруулж буй хувь нэмэр өчүүхэн бага ч бид энэ мэтээр уур амьсгалын өөрчлөлтөд өртөгдөх нь манай улсын байгаль экологи, нийгэм, эдийн засгийн амьдралд хүндээр тусч байгаа билээ. Иймд  үндэсний түвшинд хүлэмжийн хийг бууруулах, нүүрс хүчлийг шингээх чадавхаа сайжруулах зэргээр дэлхий дахины зорилгод Монгол Улсын хувь нэмрийг оруулах нь бидний хувьд чухал зорилт болоод байна.

“Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад  Монгол Улсын  оруулах хувь нэмэр” хэмээх баримт бичгийн үндсэн санаа тодорхой болно.

Энэхүү зорилтыг бид Монгол Улсын Засгийн газрын Уур амьсгалын өөрчлөлтийн  үндэсний хөтөлбөр, Ногоон хөгжлийн бодлого,  Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал зэрэг үндэсний хөгжлийн тулгуур баримт бичгүүдэд тусган, тэдгээрийг хэрэгжүүлэх  арга хэмжээ авч байна.   Гэхдээ  хөрөнгө санхүүжилтийн болон хэрэгжүүлэх чадавхи, үйл ажиллагааны уялдаатай  холбоотой бэрхшээлүүд  тулгарч, бодлого, хөтөлбөр, төлөвлөгөөний заалт нэг бүрийг хэрэгжүүлж  чадахгүй байна. Ялангуяа  санхүүжилтийн хувьд  дан улсын төсвөөс хараат байх,  зөвхөн төр засгийн байгууллагууд хариуцаж гүйцэтгэх нь төдийлөн оновчтой биш байна.  Ийм учраас төр-хувийн хэвшлийн түншлэлийг  өргөжүүлэх, иргэдийн хөрөнгө оруулалт, санаачлагыг дэмжих, үүний тулд  холбогдох яам, агентлаг, мэргэжлийн байгууллагууд хоорондоо нягт хамтран ажиллаж, үйл ажиллагаагаа уялдуулах  шаардлагатай байна.

БОАЖЯ өнгөрсөн  9 дүгээр сард  олон улсын  Уур амьсгалын ногоон сангийн итгэмжлэгдсэн байгууллагаар  томилогдсон  Хас банк,  мөн Монголын банкны  холбоотой хамтран   ногоон санхүүжилт,  ногоон зээлийн сангийн үйл ажиллагааг сурталчлах, мэдээлэл солилцох чуулганыг зохион байгуулсан билээ. Энэ нь ногоон хөгжлийн бодлогыг   хэрэгжүүлэх,  уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хувийн хэвшлийн оролцоог  идэвхжүүлэх чухал арга хэмжээ болсон юм.

Харин өнөөдөр, маргааш 2 өдөр хуралдах энэхүү чуулган нь илүү өргөн хүрээг хамрах бөгөөд чуулганы гол зорилго нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зорилгод нэгдсэн бүх талууд энэ чиглэлийн үйл ажиллагааны талаар нэгдмэл ойлголтод хүрэх, цаашдын хамтын ажиллагаа, түншлэлийн хэлбэрийг тодорхой болгож, санхүүжилтийн боломжийн талаар хэлэлцэх явдал юм.

Энэ утгаараа өнөөдрийн чуулганд НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Уур амьсгалын ногоон сан, Улс орнуудын хувь нэмрийн түншлэлийн байгууллага,  Азийн Хөгжлийн Банк, ХБНГУ, Япон улсын  Засгийн газар зэрэг олон талт болон хоёр талын хамтын ажиллагааны байгууллагууд, бусад банк  санхүүгийн байгууллагуудын төлөөлөл, дипломат төлөөлөгчийн байгууллагууд оролцож олон улсын шинж чанартай арга хэмжээ  болж байгаад  ихээхэн баяртай байна. Ийнхүү оролцогч талуудын төлөөлөл хуран чуулж, санал солилцох боломж бүрдүүлэх талаар бидний санаачлагыг бүх талаар дэмжиж, хамтран  ажилласан  ХБНГУ-ын холбогдох  байгууллагууд,  мөн Улс орнуудын хувь нэмрийн түншлэлийн байгууллагад тусгайлан гүн талархал илэрхийлж байна.

Чуулганы хэлэлцүүлгийн үр дүнд  “Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад  Монгол Улсын  оруулах хувь нэмэр” хэмээх баримт бичгийн үндсэн санаа тодорхой болж, уур амьсгалын   өөрчлөлтөд дасан зохицох  гол арга зам, хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах, нүүрс хүчлийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж, тэдгээрийн санхүүжилтийн механизмын талаар  хэрэгжүүлж болохуйц санал зөвлөмж гарна гэдэгт эргэлзэхгүй байна.

Ингээд тус чуулганд цаг заваа гарган оролцож буй та бүхэнд дахин талархал илэрхийлж,   чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье.

Баярлалаа.

 

Эх сурвалж: БОАЖЯ