Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/12-НД НИЙТЛЭГДСЭН

"Иргэд зуучлалын байгууллагын тусгай зөвшөөрөлтэй эсэхийг ХНХЯ-аас тодруулж болно"

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 10 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Гадаадад хөдөлмөр эрхлэгч, сурч боловсрох иргэд дундын зуучлалын байгууллагаар дамжуулж үйлчилгээ авдаг билээ. Ингэх явцдаа зуучлалын байгууллагын үйл ажиллагаанаас болж хохирох тохиолдол цөөнгүй. 

Тэгвэл эдгээр байгууллагууд хэр найдвартай, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй эсэх талаар шалгалт хийжээ. 

Энэ талаар МХЕГ-ын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Бямбасүрэнгээс тодрууллаа. 

 20 байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцлах санал хүргүүлсэн

 

Тэрбээр "Нийт тусгай зөвшөөрөлтэй 66 байгууллагын үйл ажиллагаанд шалгалт хийж, 33 байгууллагад зөрчлөө арилгах албан шаардлага, харин 19-ийнх нь үйл ажиллагааг түр хугацаагаар түдгэлзүүлсэн. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар ажлын хэсгийнхэн ажилласан юм. Хяналт, үнэлгээнд хамрагдсан 66 байгууллагаас 14 байгууллага нь гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг ханган, үйл ажиллагаа явуулж байна.  

Гурван сарын хугацаанд хяналт хийж, нийтлэг  зөрчлийг илрүүллээ. Хуулийн хэрэгжилт 50-иас доошгүй хувьтай 20 байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцлах тухай саналыг ХНХЯ-ны сайдад МХЕГ-ын байцаагчид хүргүүлсэн байна. 33 байгууллага дээр хуулийн хэрэгжилт 55-иас дээш хувь байгаа аж.

Иймээс эдгээр байгууллагуудад зөрчлөө арилгах албан шаардлага хүргүүлэхээр болсон байна. Албан шаардлагын хугацаа 10 дугаар сарын 15-нд дууна. Энэ хугацаанд шаардлагаа хангаагүй байгууллагуудад захиргааны хариуцлага тооцно. 

Түүнчлэн тэрбээр иргэдийг хуурч мэхлэх явдал хэр байгаа талаар "Иргэдээс мөнгө авчхаад зуучилж өгөөгүй дөрвөн байгууллага байсан. Иргэд ХНХЯ-аас тухайн хандаж байгаа байгууллагаа тусгай зөвшөөрөлтэй, хэр найдвартай байгууллага эсэхийг асууж тодруулж болно.

Мөн иргэд сургалтын төлбөрөө төлчхөөд сурдаггүй тохиолдол бас байна. Хэрвээ иргэдийн зүгээс шалтгаалаагүй асуудал байвал өргөдөл гомдлоо МХЕГ-д болон ХНХЯ-д өгч болно" гэлээ. 

Иргэдэд сэрэмжлүүлэг болгох үүднээс зуучлалын байгууллагуудал илэрсэн зөрчлийг мэдээлж байна. 

Ажил олгогч хөдөлмөр эрхлэгчдийн харилцааг зөрчжээ

Тухайлбал:

  1. Тусгай зөвшөөрөл авахдаа бүрдүүлсэн баримт бичгийн бүрдүүлэлт хангалтгүй,
  2. Зуучлалын төлбөр, сонгон шалгаруулалтын журам, хураамж авах тухай тогтоол, шийдвэр байхгүй.
  3. Тусгай зөвшөөрөл авах үеийн утас, хаяг дээрээ байхгүй, зуучлалын үйл ажиллагаа явуулаагүй.
  4. Зуучлалын үйл ажиллагааны хураамж санхүүгийн тайланд тусгадаггүй, 
  5. Тусгай зөвшөөрөл авснаас хойш дадлагажигч илгээгээгүй, 
  6. Боловсон хүчин, хүний нөөцийн хувьд хангалтгүй, 
  7. Нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй, ажилчидтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ байхгүй. 
  8. Сургалтын анги танхим хүрэлцээгүй, багшлах боловсон хүчин хангалтгүй.
  9. Иргэдээс их хэмжээний төлбөр, хураамж авсан боловч дадлагажигчаар илгээгээгүй. 
  10.  Хүлээн авагч талын хариуцах зардал болох дадлагажигчийн онгоцны тээврийн зардлыг иргэдээс авдаг. 
  11.  Хүлээн авагч талын хариуцдаг зардлыг иргэдээс авсан. 
  12. Тусгай зөвшөөрөл авахад тогтоосон зуучлалын хураамжаас илүү төлбөр авсан. 
  13. Түр сургалт явуулах тусгай зөвшөөрөлгүйгээр Япон хэлний сургалт явуулсан байна. 

Дээрх зөрчлүүд нь хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ үзүүлэх байгууллагад тавих шаардлага, АХГГГАХМАТ, ТХШТХ болон Хөдөлмөрийн тухай хуулиудыг зөрчсөн аж.

Түүнчлэн эдгээр байгууллагууд ажил олгогч хөдөлмөр эрхлэгчдийн харилцаа, мэргэжлийн сургалт явуулахад тавигдах шаардлага, иргэний эрх ашгийг хохироосон зэрэг зөрчил гаргажээ. 

Гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучилдаг зарим зөрчилтэй байгууллагуудын мэдээлэлтэй МХЕГ-ын вэб сайт дээрээс танилцах боломжтой аж.