Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/28-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатарын утаа энэ жил БАГАСАХ УУ?

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 9 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатарчууд жил бүрийн хүйтний улиралд утаанд дарлуулж амьдарсаар олон жил өнгөрчээ. Өвлийн үдэш Улаанбаатарын гудамжаар салхилна гэдэг бол өөрийгөө хордуулсантай адил. Хүн бүр битүүхэндээ утаагүй, цэвэр агаартай хотод амьдрахыг туйлын хүснэ. 

Гэвч иргэдийн энэ хүсэл биеллээ олсонгүй олон жилийг ардаа орхилоо. Жил бүрийн урин дулааны улирал дуусах энэ л үед өвөл биш утааны улирал ирлээ дээ гэж хэлэхэд хилсдэхгүй болсон.

Харин өнгөрсөн жилээс эхлэн утааны улирлыг өвлийн улирал болгохоор иргэд тэмцэж эхэлсэн. Юу гэвэл, Утааны эсрэг ээж, аавууд өнгөрсөн өвлөөс нэгдэн жагсаж, төр засагт дуу хоолойгоо хүргэж, тэмцсэн билээ.

Үүний хариуд Засгийн газар 2017 оны гуравдугаар сард “Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг баталсан. Хөтөлбөрийг 2017-2018 он хүртэл буюу богино хугацааны, 2018-2021 он хүртэл буюу дунд хугацааны гэсэн хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр болсон юм.  60 арга хэмжээ бүхий хөтөлбөрийг хэрэгжүүлснээр гэр хорооллын айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагуудын ашиглаж байгаа түүхий нүүрсний хэрэглээг бүрмөсөн хориглох юм. Ингэснээр агаар бохирдуулагч эх үүсвэр 80 хувиар багасч, тоосонцор, хүхэрлэг хийг 50-иас доошгүй хувь буурна хэмээн тооцоолжээ. 

Тэгвэл өнөөдөр Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах  бүсэд авч хэрэгжүүлж буй ажлыг олон нийтэд танилцуулах, өвлийн бэлтгэл ажил хангах зорилго бүхий “Байгаль орчинд ээлтэй дэвшилтэт техник технологи” үзэсгэлэнг Д.Сүхбаатарын талбайд хийж байна.

Тиймээс "утааны улирал" ирж буй яг энэ цаг үед төр засаг, Нийслэлийн удирдлагууд, холбогдох газрууд утааны эсрэг ямар ажил хийж байгааг сонирхлоо.

"Нийслэлийн нүүрсний нийт хэрэглээг 10 хувиар бууруулж чадлаа"

 
Гэрэл зургийг mpa.mn

НЗД-ын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан "2017 онд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад нийслэлийн төсвөөс 3.8 тэрбум төгрөг зарцуулж байгаа юм. Үүний 350 сая төгрөг нь урсгал зардал буюу иргэдээ үйлчилгээнд хүргэх, бусад үлдсэн хувь нь хөрөнгө оруулалтын ажлууд.

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо 5 тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүнээс Засгийн газрын шийдвэрээр 2017 оны өвөл гэр хорооллын шөнийн цахилгааныг тэглэхэд 3.6 тэрбум төгрөг зарцуулсан байна. 2018 оны төсвийг одоогоор УИХ-аар хэлэлцээгүй байна.

Энэ жил хэрэгжүүлж байгаа хамгийн томоохон ажил бол уурын зуухаар халаалтаа шийдвэрлэдэг байсан 50 гаруй жижиг, дунд байгууламжийг төвийн шугам сүлжээнд холбосон. Ингэснээр нийслэлийн нүүрсний нийт хэрэглээг 10 хувиар бууруулж чадлаа.

НЗДТГ, ЗТХЯ, ЖАЙКА олон улсын байгууллагатай хамтран том оврын автобусны янданд шүүлтүүр тавих ажлыг эхлүүлээд байна. Энэхүү шүүлтүүр нь автомашинаас ялгарч буй утааг 98 хувь хүртэл шүүх юм. Улаанбаатар хотод бүртгэлтэй байгаа 430 мянга гаруй тээврийн хэрэгслийн дийлэнх нь 10 жилээс дээш насжилттай. Насжилтаас шалтгаалан ихээхэн утаа ялгаруулдаг тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээ авч байна.

Агаар орчны бохирдолд хамгийн чухал нөлөө үзүүлж байгаа зүйл бол дулаан алдагдал. Дулаан алдагдал хэр их байна тэр хэмжээгээр айл өрхүүдийн галлагаа ихэснэ. 

Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийн 60 хувь нь дулаан алдагдалтай байдаг гэсэн судалгааг ШУА болон бусад байгууллагын эрдэмтэд гаргасан. Энэ хэмжээгээр түүхий нүүрсээр галлагаа нэмэгдэж, агаарын бохирдол үүсдэг гэж үзэж болно. Тиймээс айл өрхүүд дулаан алдагдлаа бууруулах нь туйлын чухал.

Гэр, байшингаа зөв дулаалж чадвал нүүрсний хэрэглээ, агаарын бохирдол буурна. Түүнчлэн иргэд ч нүүрсэнд зарцуулдаг мөнгөө хэмнэх боломж бүрдэнэ. Нийт өрхүүд 100 хувь дулаан алдагдлаа бууруулж чадвал бид нэг том ДЦС барих хэмжээний мөнгийг хэмнэнэ гэсэн судалгаа бий" гэв.

"Сайжруулсан түлшийг иргэдэд тараана"

 
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газрын дарга М.Дэлгэр "Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажил Засаг Даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан байдаг. Засаг даргын мөрийн хөтөлбөрт 4 жилийн хугацаанд агаарын бохирдлыг жилд дунджаар 10 хувиар бууруулна гэсэн байгаа. Энэ жил хийгдсэн арга хэмжээ, ажлуудаасаа дүгнэвэл 10 хувь хангалттай буурсан байх тооцоотой байна.

Зуухны шинэ стандарт энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Цаашид бид иргэд олон нийтэд зуухыг халамжийн байдлаар тараахгүй. Харин энэ жил сайжруулсан түлшний үйлдвэрлэлийг 100 хувь нураахгүйн үүднээс тодорхой санхүүжилт тавьж нэн ядуу иргэдэд тараах үйл ажиллагаа хийнэ" хэмээн ярилаа.

"Хүн болгон жижиг хаус бариад амьдрах боломж Монгол Улсад хангалттай байна"

 
Гэрэл зургийг mpa.mn

БОАЖ-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Оюунхорол "Улаанбаатар хотын түүхий нүүрсний хэрэглээг бууруулж байж л утааг бууруулах асуудлыг ярина. Бид янз бүрийн арга хэмжээнүүд авч байгаа ч тодорхой үр дүн гардаггүй, нэг ажлаа олон дахин хийдэг онцлогтой. Тиймээс цаашдаа Улаанбаатар хотыг тэлэх, дагавар хот байгуулах асуудлыг шийдхээс өөр арга байхгүй. 

Гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөрийг онцгой анхаарах хэрэгтэй. Ядаж дэд бүтцийг нь татаад ариун цэврийн байгууламжийг нь шийдээд өгчихвөл хүн болгон жижиг хаус бариад амьдрах боломж, нөхцөл, газар нутаг нь Монгол Улсад хангалттай байна. Тийм учраас энэ ажлыг төр зохион байгуулж хийх ёстой гэж бодож байна" хэмээн ярилаа.

"Хөтөлбөрөө сайжруул, хэрэгжүүл, санхүүгээ тавь"

Нийслэлийн удирдлага, холбогдох газрын төлөөллүүд ийм байр суурьтай байгаа аж. Харин иргэдийнхээ өмнөөс дуу хоолой болсоор яваа "Утааны эсрэг аав ээжүүд ТББ" төр засгийн хийж буй ажлуудад ямар дүгнэлт өгч, ямар байр суурьтай байгаа талаар бид сонирхлоо.

 

Утааны эсрэг аав ээжүүд ТББ-ын тэргүүн Ц.Пүрэвхүү "БОАЖЯ-наас саяхан бидний албан бичигт хариу ирүүлсэн. Энэхүү хариуд агаар, орчныг бууруулах хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаарх мэдээллийг ирүүлсэн байсан. Хэд хэдэн ажил хийгдэж байгаа талаар бичсэн байсан. Гэхдээ бидний дүгнэж буйгаар яг хэрэгжсэн, хэрэгжиж буй 3-4 ажил л байна. 

Тухайлбал, гэр хорооллын айлуудыг шинээр цахилгаан эрчим хүчинд холбосон, Нийслэлд одоо ажиллаж байгаа 71 халаалтын зуухыг буулгах ажил сайн явж байна, утаа ихтэй гэр хороололд байрлаж буй 51 цэцэрлэгт 200 шүүлтүүр, агаарын чанар хэмжигч лазер төхөөрөмжийг нийлүүлсэн байна.

Цаашдаа бидний шаардаж, хүсэж байгаа зүйлс бол хөтөлбөрөө сайжруул, хэрэгжүүл, санхүүгээ тавь. 

Аравдугаар сард бид Сүхбаатарын талбайгаас Их тэнгэрийн ам хүртэл алхдаг жагсаал хийнэ гэж төлөвлөж байгаа" гэв.

Шинэ технологи
 

Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр эхэлсэн “Байгаль орчинд ээлтэй дэвшилтэт техник технологи” үзэсгэлэн нь энэ сарын 30 хүртэл үргэлжлэх юм. 

Үзэсгэлэнд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалттай хий үйлдвэрлэгч “ЮниГаз”, галт уулын магмын халуун хайлмагийн царцдасаас тогтсон базальт чулуунаас хөвөнг гарган авч, түүгээрээ барилгын материал үйлдвэрлэгч “”Монгол базальт” зэрэг 50 гаруй томоохон аж ахуйн нэгж оролцож байна.

Мөн “Эко кар центр” компани Японы “Ниссан Мотор” компанийн “LEAF” маркийн 100 хувийн цахилгаан автомашиныг танилцууллаа. Тус автомашин нь 107 морины хүчтэй бөгөөд 10.5 секундэд 100 километр цагийн хурд авдаг аж.

Түүнчлэн “Эдпуар” компани автомашины “AdPower” агаар шүүгчийг танилцууллаа. Энэхүү агаар шүүгчийг автомашиндаа суурилуулснаар яндангаас ялгарах утааг бууруулахаас гадна түлшний зарцуулалтыг 12-28 хувиар хэмнэдэг байна.

ФОТО

“Байгаль орчинд ээлтэй дэвшилтэт техник технологи” үзэсгэлэнгээс хийсэн фото сурвалжилгыг хүргэж байна.

Гэрэл зургийг mpa.mn