Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/28-НД НИЙТЛЭГДСЭН

Сонсох эзэнгүй дуу хоолой

Ч.Болортуяа
2017 оны 9 сарын 28
iKon.MN
Зураг зураг

“Боловсролын салбарт арав гаруй жил  ажиллахдаа хэзээ ч ингэж жил жилийн хичээлийн зорилт дээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролын асуудлыг тодорхой бөгөөд оновчтой тусгаж байсан сайдын тушаалыг харж байгаагүй юм байна” гэсэн сэтгэгдэл анхаарал татав.

Энэ бол сонсголгүй хүүхэд залуусын боловсрол, нийгэмд тэгш оролцох, тэднийг дэмжиж идэвхтэй ажиллаж ирсэн 29-р сургуулийн багш Б.Туулын сэтгэгдэл юм.

Тодруулбал, 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн зорилтод “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн онцлог, суралцах чадамж, сонирхол хэрэгцээнд суурилсан, хөгжлийн ахиц, өөрчлөлтийг дэмжсэн, амьдрах арга ухаан, мэргэжлийн чиг баримжаа эзэмшихүйц байхаар сургалтын хөтөлбөр, сургалтын зохион байгуулалтыг уян хатан болгох шинэчлэл хийнэ” гэж тусгаж өгчээ.

Үнэндээ энэ нь өнгөрсөн гуравдугаар сарын 27-нд 29-р сургуулийн сурагчид өөрсдийн сурч мэдэх  эрх, ижил тэгш оролцоог шаардсан жагсаалаас үүдэн сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд мартагдсан хэсгийн талаарх бодлого шинэ хичээлийн жилийн зорилтод арай хийж багтсан нь энэ гэж хэлж болно.

Монголд ганц гэгдэх сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29-р сургуулийг жилд дунджаар 30-40 залуу төгсдөг. Эдгээр хүүхэд, залуус их, дээд сургуульд суралцах, ажил хөдөлмөр эрхэлж нийгэмд тэгш оролцох эрх нь зөрчигдсөөр байна.

Энэ талаар  2016 оны “LEAD Mongolia” хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн “Ажилд хүрэх зам”  баримтат киногоор сонсголын бэрхшээлтэй иргэд ажилд орохын тулд ямар их саад бэрхшээл туулж байгааг харуулдаг.

Өнгөрсөн хавар өрнөсөн сурагчдын тэмцлээс хойш бодит амьдрал дээр тухайн сургуулийн орчин нөхцөл сайжирч байгаа эсэхийг “LEAD Mongolia” хөтөлбөрийн 2017 оны оролцогчид танилцсан юм.

 

Мөн энэ хөтөлбөрийн оролцогчид тус сургуулийн сурагч болоод төгсөгчдийн сургалт, хөдөлмөрийн бүтээлтэй танилцаж, дээжсээс нь худалдан авч улмаар АНУ-ын Виржиниагийн Сонсголын болон харааны бэрхшээлтэй иргэдийн сургуульд бэлэглэх юм. Үүний гол зорилго нь хоёр сургууль хоорондоо харилцаа холбоо бий болгож сурагчдын боловсролын арга барилд туршлага солилцуулах эрмэлзлэлтэй.

Түүнчлэн энэхүү мэдээллээр сонсголын бэрхшээлтэй хүүхэд залуусын авьяас чадварыг танилцуулах зорилготой.

Энэхүү уулзалтын үеэр өнгөрсөн хаврын сурагчдын эсэргүүцлийн хөдөлгөөнтэй холбоотой үүссэн хүчирхийллийн асуудлаарх яриа ч өрнөсөн юм. Сурагчдын зүгээс Сүхбаатар дүүргийн Прокурорын Газраас гаргасан хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрт сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байлаа. Тухайлбал, нэрээ хэлэхийг хүсээгүй сурагч “Бид үгээ хэлээд байхад сонсох, ойлгох хүн алга. Эрх чөлөө, ардчилал, иргэний нийгэм гэж ярьдаг ч бодит амьдрал дээр энэ бүхэн хэрэгжихгүй хэвээр. Хүн хүнээрээ байж чадахгүй байна” гэж байв.

Өөрөөр хэлбэл, сурагчдын хувьд эдгээр хүүхдүүдэд бэлгийн дарамт, хүчирхийлэл учруулж байсан нь бодит бөгөөд Прокурорын дүгнэлт эсрэгээр гарсанд сэтгэл дундуур байгаагаа ийнхүү илэрхийлж байлаа.

Эдгээр хүүхдэд бусадтай адил зарим талаар илүү авьяас чадвар бий ч шударга бустай өдөр бүр нүүр тулсаар …