Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/27-НД НИЙТЛЭГДСЭН

Түүхийн хичээлээр чамд заагаагүй ТАВАН ЧУХАЛ үйл явдал

МОНСУДАР
2017 оны 9 сарын 27
Монсудар
Зураг зураг

“Өнгөрсөн түүхээ мартагсад түүнийг давтах хувь тавилантай байдаг”  хэмээн Жорж Сантаяна хэлсэн байдаг. Түүхийн сурах бичгүүд дээр төдийлөн дурдагддаггүй  хэдий ч дэлхийн түүхэнд өндөр ач холбогдолтой байсан түүхийн 5 чухал үйл явдлыг та бүхэндээ хүргэж байна.

1. Пол Потын харгис дэглэм

Хаана: Камбож

Хэзээ: 1975 он

Яагаад энэ талаар чи  мэдэх шаардлагатай вэ? Сүүлийн тавин жилийн дотор хүн төрөлхтөний түүхэнд тохиолдсон хамгийн санаанд багтамгүй харгислалын бодит түүх. 

Вьетнамын дайны үеэр Хойд Вьетнам Хо Ши Миний замын дагуу , Камбожийн сувгаар урагш цэрэг, зэвсэг нийлүүлж байсан юм. 1970 онд АНУ-Өмнөд Вьетнамын хамтарсан хүчин Камбож руу дайран орж, Хойд Вьетнамчуудыг тэндээс шахан гаргав. Камбожийн засаг захиргаа ийнхүү тогтворгүй болсон тул Камбожийн Коммунист нам буюу Улаан кхмерүүдийн удирдагч Пол Пот 1975 онд төрийн эрхэнд гарлаа. Тэрбээр улс орноо Мао Зэдуний Соёлын хувьсгалын арга барилаар ангийн давхаргагүй, хөдөө аж ахуйн орон болгох гэж ороолджээ. Пол Пот ард иргэдээ хөдөө рүү нүүхийг шаардаж, будааны ферм дээр албадан ажилуулах болсон байна. Ердөө 44 сарын дотор хүн амынх нь дөрөвний нэг буюу 2 сая орчим хүн улаан кхмерүүдийн гарт өртөх юм уу өлсгөлөнд нэрвэгдэн нас барав. Хүмүүс олноороо үхэж үрэгдсэн тул тус газрыг “Аллагын талбар” гэж нэрлэх болсон байна.Пол Пот гурван жил дарангуйлсны эцэст вьетнамчууд дайран орж, түүнийг түлхэн унагаажээ.

2.Гана улсын тусгаар тогтнол

Хаана: Гана

Хэзээ: 1957 он

Яагаад энэ талаар мэдэх шаардлагатай вэ? Энэхүү үйл явдал нь  Африк тивд орших олон улс орны хувьд эрх чөлөө, тусгаар тогтнолоо олж авахад нь туслах томоохон алхам байсан төдийгүй колоничлолын хандлагыг тэр чигтээ өөрчилж чадсан түүхэн үйл явдал байсан юм. 

Эрч хүчээр дүүрэн, эрдэм боловсрол өндөртэй Кваме Нкрума зөвхөн Гана улсыг ч гэлтгүй Африк тивийг мандуулах том зорилго өвөртөлж байсан юм. Тэрбээр АНУ-д их сургууль төгсөж, сүүлд нь Англид очин , баруун Африкийн оюутны хөдөлгөөнд оролцож байжээ. 1948 онд тухайн үед Их британийн эзэмшил газар нутаг байсан зүүн Африкийн Алтан эргээр Нкрума  хөндлөн гулд аялж, залуучуудын хөдөлгөөний удирдагч болсон агаад “өөртөө засан тохинуулах цаг болжээ” хэмээн уриалсан юм. Эгэл ардын намын тэргүүн байхдаа тайван замаар тэмцсэнийхээ төлөө баривчлагдан, гурван жил хоригдох ял авч байжээ. Шоронд байхдаа Нкрума сонгуульд ялсан бөгөөд таван жилийн дараа буюу 1957 онд шинээр тусгаар тогтносон Гана улсын ерөнхий сайд болсон байна.

3. Исламын шашны анхны эмнэлэг

Хаана: Багдад, Ирак

Хэзээ: МЭ 800 он 

Яагаад энэ талаар мэдэх шаардлагатай вэ? Энэхүү бүтээн байгуулалт нь тухайн үеийн эрүүл мэндийн салбарт хувьсал хийн мөн ирээдүйд олон олон  эмнэлэг исламын ертөнцөд  байгуулагдахад томоохон түлхэц үзүүлсэн юм.

Аббасидын 2-р Халиф аль-Мансур 762 онд Багдадыг байгуулсан байна. Аббасидууд өмнөх үеийнхээ улс төрийн залгамж халаа болсноос гадна соёл шинжлэх ухааны ололтыг нь ч бас өвлөсөн гэдгээ зарлажээ. Хамгийн эхний дэвшил анагаах ухааны салбарт гарав. 6-р зууны дундаас сүүл үе хүртэлх хугацаанд Ираны баруун өмнөдөд орших Гондишапур дах философийн сургууль анагаах ухааны гол төв болон Византын эзэнт гүрэнд хавчигдаж хяхагдсан христийн шашны несторын урсгалынхныг голдуу ажилуулдаг байв.765 онд аль-Мансурын гэдэс эвгүйрхсэн тул тэрбээр эндхийн ажилтан Журжис ибн Жибраил ибн Бухтишуг Багдад руу дуудуулж оношлуулжээ. Эмчилгээнд тун сэтгэл хангалуун үлдсэн халиф Журжисыг өөрийн хувийн эмчээр ажилд авсан гэдэг. 800 онд Харун ар- рашид халиф Журжисын ач хүү Жабриль ибн Бухтишуд Багдадад баригдсан исламын ертөнцийн анхны эмнэлгийг удирдах санал тавьсан байна.

4. Газар доорх төмөр зам

Хаана: Их Британи ба АНУ

Хэзээ: 1863

Яагаад энэ талаар мэдэх шаардлагатай вэ?  Их хотын өнгө төрхийг тодорхойлох хамгийн том бүтээн байгуулалтын нэгт зайлшгүй метро орох болно. 

1800-1900 оны хооронд Нью-Йорк хотын нягтрал 2 дахин нэмэгдэн, нийтийн тээвэр явуулах замгүй болов. Тиймээс америкчууд төмөр замыг өндөрт байгуулж, түүнийгээ дороос нь ган тулгуураар тулж тогтоожээ. Анхны ийм төмөр зам Нью-Йоркт 1868 онд нээгдсэн юм.

Их британи ч бас газрын хомсдолд орсон тул газар доор зам байгуулахаар шийджээ. 1863 онд Лондон хотын Кингс-Кросс, Паддингтон хоёрын хооронд тавигдсан Метрополитан төмөр замаар анх ердийн уурын хөдөлгүүрт галт тэрэг үйлчилгээнд явж байсан юм. Яваандаа уг замыг өргөтгөн Дистрикт шугамтай холбосон бөгөөд 1871 он гэхэд уг шугам Лондон хотын төв хэсгийг бүхэлд нь тойрох болжээ. 1890 онд тус хотод анх удаа илүү хурдан, дуу чимээ, утаа багатай цахилгаан галт тэрэг явж эхэллээ. Парис ч энэ жишгийг даган шугам тавьсан бөгөөд Лондоны Метрополитан шугамын нэрээр Метро хэмээн нэрлэжээ. АНУ-д харин газар доорх галт тэрэгний зам анх 1897 онд Бостонд ашиглалтанд оржээ.

5. Сежун хааны шинэ бичиг үсэг 

Хаана: Солонгос улс

Хэзээ: 1443

Яагаад энэ талаар мэдэх шаардлагатай вэ? Энэхүү үйл явдал нь Солонгосын нийгэм дэх бүх анги давхарга бичиг үсэг сурах боломжийг бий болгосон юм. 

15-р зууны үеийн Чосон гүрэнд солонгосоор бичихэд хятад ханз хэрэглэдэг байсан нь солонгос хэлний авиаг илэрхийлэхэд төдий тохирохгүй байсан юм. Тиймээс 1443 онд Чосоны хаан Сежун хангыль хэмээх илүү энгийн цагаан толгой зохиож, түүнийхээ зарчмыг 1445 онд хэвлэгдсэн “Хүн ардын боловсролд тохирох авиа үсгүүд” нэртэй номдоо тайлбарлав. Анх 28 үсэгтэй байгаад 24 үсэгтэй болсон энэ цагаан толгой хятад ханзнаас илүү хялбар байсан ч хуучинсаг үзэлт язгууртнууд багагүй эсэргүүцжээ. Тэд уг цагаан толгойн ачаар эгэл ард ч төрийн албаны шалгалт өгөх эрхтэй болж, эрх мэдлийг нь сулруулна гэж эмээжээ. Үүнээс болж хангыль үсэг бараг хэрэглэгдэхээ больж, доогуур зиндааныхны “бүдүүлэг үсэг” гэж гадуурхагдах болов. Гэсэн ч энэ цагаан толгой Солонгосын үндсэрхэг үзэл суртлын зэвсэг болж, 19-р зуунд эргэн сэргэсэн билээ.

Түүхийн талаар илүү дэлгэрэнгүй судлахыг хүсч байвал танд ТҮҮХ номыг санал болгож байна.