Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/26-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын конгрессийн экс гишүүн мессэжээр самуурсныхаа төлөө 21 сар хоригдох ял авлаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 26
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын конгрессийн гишүүн асан, Ардчилсан Намын улс төрч Антони Уэйнерт өчигдөр шүүхээс 21 сар шоронд хорих ял оноожээ.

Түүнийг 15 настай охинтой сэкс агуулгатай мессэж солилцсон гэж буруутгасан юм. 53 настай Уэйнер конгрессийн гишүүн байхдаа 2011 онд мөн сэкс дуулианд холбогдож, албан тушаалаасаа татгалзаж байв. Дараа нь тэр дахин улс төрд орохдоо 2013 онд Нью Йорк хотын даргын сонгуульд нэр дэвшсэн ч мөн л дээрхтэй ижил дуулиан дэлгэгдэж, бүтэлгүйтсэн юм.

Ноднин Daily Mail сонинд Хойд Каролина мужийн насанд хүрээгүй охинтой харилцсан түүний мессэжүүд нийтлэгдсэний дараа өнгөрсөн оны есдүгээр сард Холбооны Мөрдөх товчоо Уэйнерийг шалгаж эхэлсэн байна.

15 настай охиныг тэр камерны өмнө нүцгэлэхийг гуйж байсан нь илэрсэн юм. Үүнээс нэг сарын өмнө түүний эхнэр Абедин нөхрөө зохисгүй зургаа бусдад онлайнаар илгээснийг мэдээд гэр бүлээ цуцлуулж байв.

Хэдийгээр өмгөөлөгч нь тэнсэн харгалзах ял оноохыг хүссэн ч АНУ-ын тойргийн шүүгч Уэйнерийг ноцтой хэрэг үйлдсэн тул энэ удаа заавал шийтгэх ёстой гэж шийдсэн байна. Мөн түүнийг сэксийн донтой этгээд гэж үзжээ.

Уэйнерийн дуулиан өнгөрсөн оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн Хиллари Клинтоны ялагдалд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж үздэг. Учир нь түүний эхнэр Абедин нь Хилларигийн шадар туслах байсан бөгөөд Уэйнерийн компьютерийг шалгах явцад эхнэртэйгээ харилцаж байсан албаны имэйлүүд илэрч байжээ. Хэдийгээр үүнд буруутгах зүйл олдоогүй ч Уэйнерийн хэрэгтэй нэр холбогдсон нь сонгуулийн үр дүнд сөргөөр нөлөөлсөн гэж үздэг юм.

 

Эх сурвалж: BBC