Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/26-НД НИЙТЛЭГДСЭН

Курдын санал асуулгын дараа Эрдоган Иракийг эзлэн түрэмгийлнэ гэж сүрдүүлэв

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Даваа гарагт Курдистанд тусгаар тогтнолын санал асуулга явагдсаны дараа Туркийн ерөнхийлөгч Иракийг довтолно гэж сүрдүүлжээ.

Хатуу үгтэй мэдэгдэлдээ Эрдоган Курдын тусгаар тогтнолын төлөө тэмцэл нь тэдний “орших, эс орших”-ыг шийдэх үр дагаварт хүргэнэ гэж айлгасан байна.

Тэр бас өөрийнх нь газар нутгаар дайран гардаг газрын тосны хоолойг хааж, Курдистаны өөртөө засах мужид эдийн засгийн дарамт үзүүлэхээ амлажээ.

Ирактай хил залгаа Туркийн зүүн өмнөд нутагт Курд үндэстэн олноор суудаг. Тэдний салан тусгаарлагчидтай Эрдоган олон жилийн турш тэмцэж байгаа юм.

Өчигдөр болсон санал асуулгыг Багдадын эрх баригчид бас хүлээн зөвшөөрөхгүй байна. Өрнөдийн орнууд ч үүнийг эсэргүүцэж, Ойрх Дорнодын тогтвортой байдлыг алдагдуулах аюул гэж үзэж байгаа.

Эрдоган Иракийн хойд хэсэгт болж өнгөрсөн санал асуулгыг “салан тусгаарлах үйл явц” гэж нэрлээд цэрэг дайн, эдийн засаг, худалдааны бүх хариу арга хэмжээг авахаа мэдэгджээ.

Яг одоо Ирак-Туркийн хил дагуу Туркийн арми байлдааны сургуулилалт явуулж байгаа. Эрдоган “Манай цэрэг хил дээр зүгээр нэг байрлаагүй. Нэг л шөнийн дотор бид дайрч чадна” хэмээн Курдистаны орон нутгийн засаг захиргааг сүрдүүлсэн байна.

Эцэст нь Туркийн ерөнхийлөгч “Бид цаашдаа шийдвэртэй алхам хийх болно. Курдистаны орон нутгийн засаг захиргаа шийдвэрээсээ ухрах ёстой. Ингэхээс өөр зам тэдэнд байхгүй” гэжээ.

Дэлхий дээр нийт 35 сая орчим Курд үндэстэн амьдардаг. Үүнээс хамгийн олон буюу 20 сая орчим нь Туркийн зүүн өмнөд нутагт суудаг ажээ. Харин Иракийн Курдистанд 8 сая гаруй Курд амьдардаг юм.

Курдууд нь манай дэлхийн хамгийн олон тоотой, тусгаар тогтнож чадаагүй үндэстэнд тооцогддог.

 

Эх сурвалж: Independent