Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/26-НД НИЙТЛЭГДСЭН

Курдын тусгаар тогтнолын санал асуулгын дүнг тоолж эхэлжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Бүс нутгийн тогтвортой байдалд муугаар нөлөөлөхийг НҮБ, АНУ зэрэг бусад өрнөдийн улсууд анхааруулсаар байгаа ч Иракийн Курдистанд тусгаар тогтнолын төлөө санал асуулга явагдаж дуусч, саналыг тоолох ажил эхэлжээ.

Багдадын эрх баригчид Иракийн бүрэн бүтэн байдлыг авч үлдэхийн тулд тэмцэхээ илэрхийлээд байна. Тэд бас Курдистаны газрын тосны борлуулалтыг зогсоох эдийн засгийн хориг хэрэгжүүлэхээ мэдэгдсэн юм.

Гэвч 1991 оноос хойш автономит эрхтэй болсон Курдистаны засгийн тэргүүн Масуд Барзани энэхүү санал асуулгыг тусгаар тогтнох үйл явцын эхний алхам, цаашид яриа хэлэлцээр удаан хугацаанд үргэлжилнэ гэж тайвшруулж байна.

Санал асуулгын хуудсанд Курд, Араб, Турк, Ассир хэлээр “Та Курдистан болон Курдистанаас гадна орших газар нутгийг тусгаар улс болохыг дэмжиж байна уу?” гэсэн ганц асуулт хэвлэгдсэн байгаа гэнэ.

Үр дүн урьдчилсан байдлаар 26-ны өглөө гарах бол албан ёсны дүн есдүгээр сарын 28-нд гарна гэж зохион байгуулагчид мэдээлжээ. Нийт 5.3 сая бүртгэлтэй иргэд сонгуульд оролцож байна.

Орон нутгийн хэвлэл сонгогчдын 78 хувь оролцсоныг мэдээлжээ. Санал асуулгыг Иракаас гадна хөрш Иран, Турк улсууд эсэргүүцэж  байгаа. Эдгээр улсуудад олон тооны Курд хүмүүс амьдардаг. Турк улс л гэхэд Курдын салан тусгаарлагчдын эсрэг олон жил дайтаж байгаа.

Иран улс Багдадын эрх баригчдын хүсэлтээр Курдистаны бүх нислэгийг зогсоогоод байна. Өчигдөр Туркийн ерөнхийлөгч Рэжэп Таийп Эрдоган, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар утсаар ярихдаа Курдистаны санал асуулгын асуудлыг хөнджээ. Мөн Эрдоган Ираны ерөнхийлөгч Хассан Руханитай утсаар ярьж, бүс нутагт дайн самуун дэгдэхээс болгоомжилж байгаагаа илэрхийлсэн байна. Харин Путиныг Турк, Ираны удирдагч нартай утсаар ярьсан тухай Кремль мэдээлсэн ч Курдын асуудлаар хэлэлцсэн тухай дурдаагүй байна.

Иракийн газар нутгийн ихээхэн хэсгийг эзлээд байсан Исламын улс бүлэглэлийн эсрэг тэмцэлд Курдын зэвсэгт бүлэглэл голлох үүрэг гүйцэтгэсэн нь тэднийг тусгаар тогтнолоо сэргээх найдлагыг төрүүлээд байгаа. Мөн газрын тосны томоохон нөөц тэдний мэдэлд байгаа нь эдийн засгийн гол тулгуур нь болохоор байгаа юм.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty