Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/26-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ыг Хойд Солонгост дайн зарласанд тооцож байгааг мэдэгдлээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Даваа гарагт Хойд Солонгосын гадаад хэргийн сайд Нью Йорк хотод сэтгүүлчдэд ярихдаа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп улс орных нь эсрэг дайн зарласан тул хариу арга хэмжээг ямар ч хэлбэрээр авах эрх нээгдэж байгааг хэлжээ.

“АНУ түрүүлж манай улсын эсрэг дайн зарласныг бүх дэлхий тодорхой харсан. Нэгэнт АНУ манай улсад дайн зарласан тул бид бүх хариу арга хэмжээг, түүн дотроо манай агаарын хилд нэвтрээгүй байсан ч Америкийн стратегийн бөмбөгдөгч онгоцыг буудаж унагах эрхтэй боллоо” гэж Ри Ён Хо сайд ярьсан байна.

Энэ мэдэгдлийн дараа Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс “Бид Хойд Солонгост дайн зарлаагүй. Шулуухан хэлэхэд энэ бол утгагүй яриа” гэж хэвлэлийнхэнд мэдээлжээ.

Дональд Трампын өнгөрсөн Ням гарагт твиттер хуудсандаа бичсэн мэдэгдлийг Хойд Солонгос өөрт нь дайн зарласанд тооцож байгаа гэнэ. Трамп энэ мэдэгдэлдээ “Хойд Солонгосын гадаад хэргийн сайдын НҮБ-д хэлсэн үгийг сая сонслоо. Хэрвээ тэр Пуужинтай Жижигхэн хүний үгийг давтаж байгаа бол тэд цаашдаа удаан оршихгүй болжээ!” гэж бичсэн юм.

Өнгөрсөн долоо хоногийн турш АНУ-Хойд Солонгосын удирдагчид үгээр дайтаж байв. Харин Бямба гарагт АНУ-ын стратегийн бөмбөгдөгч онгоц Хойд Солонгосын зүүн эргийн дагуу нислэг үйлдсэн нь 21 дүгээр зуун гарсны дараа хоёр Солонгосыг тусгаарладаг 38 дугаар өргөрөгөөс хойш хамгийн хол зайд нэвтэрсэн явдал байлаа.

 

Эх сурвалж: Russia Today