Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

Имарт Хятадын зах зээлээс бүрмөсөн гарахаар бэлдэж байна

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын жижиглэнгийн худалдааны Шинсэге группын Имарт их дэлгүүрийн сүлжээ Хятадын зах зээлээс гарахаар бэлдэж байгааг түүнд ойр эх сурвалжууд Ням гарагт мэдээлжээ.

Саяхан тэд Шанхай хотод байдаг таван дэлгүүрээ Тайландын Charoen Pokphand группт худалдах гэрээ байгуулсан байна. Charoen Pokphand нь Тайландын хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний томоохон компани юм.

Талууд ямар үнээр наймаагаа тохиролцсоныг нууцалж байгаа боловч зах зээлийн бодит үнэлгээнээс нэлээд доогуур үнээр зарсан тухай эх сурвалж мэдээлжээ. Тайландын талд бүрэн шилжсэний дараа дэлгүүрүүд тэдний Lotus market нэрийн дор өөрчлөгдөн ажиллах гэнэ.

Одоо Хятадын эрх баригчид дээрх наймааг хянаж үзээд зөвшөөрөл өгөх юм.

Уг наймааны дараа Имартын ганцхан дэлгүүр Бээжингийн ойролцоох Сишань дүүрэгт үлдэж байгаа бөгөөд түүнийг энэ ондоо багтаан зарснаар Хятадын зах зээлээс бүрэн гарч дуусах гэнэ.

Имартын сүлжээ Хятадаас гарах болсон шалтгаан нь алдагдалтай ажиллаж байгаатай нь холбоотой. Мөн АНУ-ын THAAD пуужингаас хамгаалах системтэй холбоотой хоёр улсын хооронд дэгдсэн маргаан үүнд нэмэр болж, үйл явцыг хурдасгасан байна.

Имарт 1997 онд анх Хятадын зах зээлд нэвтэрч, нийтдээ 26 дэлгүүртэй болоод байв. Гэвч 2013 оноос эхлэн алдагдалтай ажиллаж, одоо хуримтлагдсан алдагдал нь 150 тэрбум вонд хүрээд байгаа юм.

Тэд Хятадын зах зээлийг орхисныхоо дараа Монгол, Лаос, Камбож, Вьетнам зэрэг Азийн шинээр хөгжиж байгаа зах зээлүүдэд төвлөрч ажиллах гэнэ.

Имартын анхны дэлгүүр Улаанбаатар хотод 2016 оны долдугаар сард нээгдэж байсан бол энэ Баасан гарагт хоёр дахь дэлгүүр нь нээгдэх гэж байна.

 

Эх сурвалж: Korea Herald