Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/26-НД НИЙТЛЭГДСЭН

У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр боллоо

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 9 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

МАН-ын Бага хурал хаалттай хуралдаж, У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр боллоо. 

309 гишүүн оролцсон тус хурлаас нэр дэвшигч У.Хүрэлсүх 63.9 хувийн буюу олонхийн санал авсан байна. Нэр дэвшигч Ө.Энхтүвшин 34.4, Н.Энхболд 1.7 хувийн саналыг авчээ.

Шинэ Ерөнхий сайдыг томилох асуудлыг УИХ-ын чуулганаар эцэслэн шийдвэрлэнэ.

30 дахь Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхийн товч танилцуулга:

Төгссөн сургууль, мэргэжил

  • 1985 онд Нийслэлийн 10 жилийн хоёрдугаар дунд сургууль
  • 1989 онд Батлан Хамгаалахын Их Сургуулийг Улс төрийн курс,
  • 1994 онд Төрийн Захиргаа, Удирдлагын Хөгжлийн Институтийг Төрийн удирдлагын арга зүйч мэргэжлээр,
  • 2000 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Дээд Сургуулийг Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.

Ажилласан байдал

  • 1989-1990 онд Монголын Ардын Армийн 152 дугаар ангид улс төрийн орлогч
  • 1991-1994 онд МАХН-ын Төв хороонд улс төрийн ажилтан
  • 1994-1996 онд Улсын Их Хурал дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд зөвлөх
  • 1996-1997 онд МАХН-ын Залуучууд Хөгжил төвийн Ерөнхий захирал
  • 1997-1999 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч
  • 1999-2000 онд Улсын Их Хурал дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд Нийгмийн бодлогын зөвлөх
  • 2000-2005 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч
  • 2000-2007 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн
  • 2000-2004 онд Улсын Их Хурлын гишүүн
  • 2004-2008 онд Улсын Их Хурлын гишүүн
  • 2004-2006 онд Засгийн Газрын гишүүн, Онцгой Байдлын асуудал эрхэлсэн сайд.
  • 2006-2008 онд Засгийн Газрын гишүүн, Мэргэжлийн Хяналтын асуудал эрхэлсэн сайд
  • 2007 оноос Зүүний хүчний холбооны ерөнхийлөгч
  • 2008 – 2012 МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга
  • 2012 онд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон.
  • 2014-2015 Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд
  • 2016 оноос Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдаар ажиллаж байна.

Мэргэжлийн зэрэг, цол

  • Улс төрийн шинжлэх ухааны магистр, Бэлтгэл хурандаа

Удирдах зөвлөлөөс  Шадар сайд У. Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Н.Энхболд, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин нарын нэрийг Ерөнхий сайдад дэвшүүлж, МАН-ын Бага хурлаар хаалттай хэлэлцүүлсэн юм. 

Түүнчлэн энэ удаагийн МАН-ын IX Бага хурлаар:

  • Намын их хурлаа 11 дүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд хийхээр товлож,
  • Их хуралд оролцох төлөөлөгчдийн тоо, оролцох төлөөлөгчдийг сонгох журмыг батлаж, 
  • 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагааны үр дүнг хэлэлцжээ. 

11 дүгээр сард болох МАН-ын Их хурлаар намын шинэ даргыг сонгох асуудлыг хэлэлцэх аж.