Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

"Дараагийн Ерөнхий сайд тулгамдсан бэрхшээлүүдийг богино хугацаанд шийдвэрлэх ёстой"

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 9 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

МАН-ын IX Бага хурал Тусгаар тогтнолын ордонд болж байна. Энэ үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хурлын үйл явцын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

 МАН-ын XXVIII их хурал 11 дүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд болно

Тэрбээр  "МАН-ын IX Бага хурлаар намын дарга М.Энхболд илтгэл танилцууллаа. Хурлаас гаргасан нэг шийдвэр бол МАН-ын XXVIII их хурлыг 11 дүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд хийхээр болсон. УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Н.Энхболд, Шадар сайд У.Хүрэлсүх нарын нэрийг Удирдах зөвлөлөөс Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр санал болгоод байна. 

Өнөөдрийн хуралдаанаар МАН-ын Удирдах зөвлөлөөс Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн гурван нэр дэвшигчийг хэлэлцэж эцсийн шийдвэрийг гаргана. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд МАН дотор тэмцэл өрнөснийг та бүхэн мэдэж байгаа. 

Дараагийн Ерөнхий сайдыг сонгохдоо намын Бага хурлын гишүүдэд илүү боломж олгох үүднээс гурван хүнийг нэр дэвшүүлсэн. МАН-ын Бага хурлаас олонхын санал авч ялалт байгуулсан нэг нэр дэвшигчийн нэр УИХ-д өргөн баригдана. Ингээд Ерөнхий сайдаар томилогдох нөхцөл бүрдэх юм. 

Удирдах зөвлөлийн хурлаар Ерөнхий сайд болох хүн нийт гишүүдийнхээ санал бодлыг тусгасан Засгийн газрыг бүрдүүлж, эв нэгдлээ хангаж ажиллах талаар хэлэлцсэн.

Түүнчлэн цаашлаад Монгол Улсын эдийн засаг, нийгмийн өмнө тулгамдсан олон бэрхшээлүүдийг богино хугацаанд шийдвэрлэх ёстой гэсэн байр суурийг Удирдах зөвлөлийн гишүүд илэрхийлээд байгаа. 

МАН-ын дүрэм болон бусад холбогдох хууль тогтоомжоор Бага хурлын хуралдаанд заалнаас нэр дэвших эрх нээлттэй байдаг.

Одоогийн байдлаар заалнаас нэр дэвшинэ гэдгээ илэрхийлсэн хүн алга.

МАН ерөнхийлөгчийн сонгуульд яагаад ялагдсан талаар хэд хэдэн судалгаа хийсэн. Засгийн газар, намын мөрийн хөтөлбөр, сонгуулийн амлалт, Удирдах зөвлөлтэй холбоотой асуудлууд МАН-ыг ерөнхийлөгчийн сонгуульд ялагдах гол шалтгаан болсон" гэв. 

Өнөөдрийн МАН-ын Бага хурлаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийг эцэслэн тодруулна.