Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Чой-Иш: Энэ жил 400-аад мянган тонн өвс дутагдах төлөвтэй байна

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 9 сарын 25
iKon.MN

Хүнс Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрлэлийн яанаас /ХХААХҮЯ/ өнөөдөр өвөлжилтийн бэлтгэл ажил, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

Мал Аж Ахуйн Бодлогын Хэрэгжилтийг Зохицуулах Газрын дарга Л.Чой-Иш: 2017 оны зургаа, долоодугаар сард их халсны улмаас бэлчээрийн доройтол ихтэй байсан. Харин долоодугаар сарын 20-ноос бороо орсоноор ихэнх нутагаар таатай байдал үүслээ.

Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлын хүрээнд зун, намрын отор зохион байгуулах, мал эмнэлгийн хорио цээрийн дэглэмийг чангатгах, өвс, тэжээл бэлтгэх зэрэгт 700 сая төгрөгийн санхүүжилтийг Засгийн газрын нөөц сангаас олгуулсан.

Улсын онцгой комиссын гангийн зэрэглэл тогтоох ажлын хэсгийн дүгнэлтээр 15 аймгийн 94 сум гантай, 21 аймгийн 153 сум гандуу байна гэсэн дүгнэлт гарсан. 2017 онд шаардагдах тэжээлийг тэжээлийн нэгжид шилжүүлснээр 700,6 мянган тэжээлийн нэгж бүхий өвс, сүрэл, ногоон тэжээл, үйлдвэрийн тэжээл, гар тэжээл, дарш, давс, хужир шүү хэрэгтэй байна.

Энэ жил тэжээлийн ургамлаас 47 мянган тн ногоон тэжээл, улаан буудайнаас 14.7 мянган тн буудай тэжээлд, үтрэмийн цэвэрлэгээнээс 20.7 мянган тн буудай тэжээлд, шилжих төлөвтэй байна. 

Ингэснээр энэ жил 150 мянган тн хүчит тэжээл, 100 мянган тн гар тэжээл, 100 мянган тн эрдэст тэжээл бэлтгэгдэнэ. " гэлээ.

Нийт нутгийн 25 гаруй хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой

 
Гэрэл зургийг mpa.mn

Мал Аж Ахуйн Бодлогын Хэрэгжилтийг Зохицуулах Газрын дарга Л.Чой-Иш: Манай улс жилд 1.2-1.4 сая тонн өвс бэлтгэдэг. Харин энэ жилийн хувьд 400-аад мянган тонн өвс дутагдах төлөвтэй байна.

Багийн нутгаар тооцоолсон дүнгээс харахад нийт нутгийн 25 хувь нь хүрэлцээтэй, 30 хувь нь 1-3 дахин хэтэрсэн, 10 хувь нь 3-5 дахин хэтэрсэн, 30 хувь олон дахин хэтэрсэн. Энэ нь өнгөрсөн жилтэй харьцуулахад гурав дахин муу дүнтэй байгаа.

Өөрөөр хэлбэл нийт нутгийн 25 гаруй хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой гэж үзэж болохоор байна. Харин нутгийн 75 хувь нь өөрийн сумын нутагт мал сүргээ онд оруулах бэлчээрийн хүрэлцээ муу байгаа нь отор нүүдэл хийх, нэмэгдэл тэжээл бэлтгэх, малын тоог бууруулах зэргээр мал өвөлжилт, хаваржилтын ажлыг зохицуулах шаардлагатайг харуулж байна.

Аймгийн дүнгээр авч үзвэл Увс, Баян-Өлгий, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Булган, Архангай, Өвөрхангай, Дархан-Уул, Төвийн ихэнх, Хэнтий, Сүхбаатар, Өмнөговь, Дорноговь, Дундговь аймгуудын зарим сумдын нутгаар бэлчээрийн даац олон дахин хэтэрч гарсан тул мал өвөлжилт, хаваржилтын нөхцөл хүндрэхээр байна.

Одоогийн байдлаар сум дундын болон аймаг дундын отрын бүс нутгууд, хилийн зурвас газар, байгалийн тусгай хамгаалалттай газарт отроор өвөлжих, хаваржих өрх, малын тоог тохирох ажил хэлэлцээрийн шатанд байна" гэлээ.