Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Дамдинсүрэн: Төмөр замын хэрэгт холбогдох хүмүүсийг шүүхэд шилжүүлсэн

А.Намуун, iKon.mn
2017 оны 9 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Авлигатай тэмцэх газраас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр АТГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссар Н.Дамдинсүрэнгээс зарим зүйлийг тодруулав.

-Төмөр замтай холбоотой хэргүүд ямар шатанд явагдаж байна вэ?

-Төмөр замтай холбоотой хэргүүд дээр Нийслэлийн Прокурорын газраас мэдээлэл өгсөн. Төмөр замтай холбоотой хэргээр Зам Тээврийн сайд асан А.Гансүх, Солонгосын Самсунг компанийн холбогдох хүмүүсийг шүүхэд шилжүүлсэн байгаа.

Одоо Монголын төмөр замын гүйцэтгэх захирал Б.Батзаяа нарт холбогдох хэргийг тусгаарлан, мөрдөн байцаалтын ажил явуулж байгаа. Мөрдөн байцаалтын ажиллагаа тасралтгүй явагдаж байна.

-60 тэрбумын хэрэгт танайхаас мөрдөн шалгах ажиллагаа хийгдсэн гэсэн. Ингэхдээ Төрийн албаны хүмүүсээс "төрийн албанд орохдоо мөнгө өгсөн үү" гэж асуугаад хэргийг хаасан гэсэн мэдээлэл явж байна. Үүн дээр тайлбар өгнө үү?

-60 тэрбум гэх тодотголтой энэ хэрэг дээр ЦЕГ, ТЕГ болон манайхаас хамтарсан  ажлын хэсэг байгуулагдаж ажилласан. Ажлын хэсгүүд өөр өөрсдийн мөрдөн шалгах ажлыг хийж Нийслэлийн Прокурорын газарт хянуулахаар хүргүүлсэн. Нийслэлийн Прокурорын газраас тус хэргийн материалуудыг хянаад шийдвэрийг гаргасан. Тиймээс дэлгэрэнгүй мэдээлэл Нийслэлийн Прокурорын газраас өгөгдсөн байгаа.

-Офшор бүсэд 23 хүний нэр байгаа. Эдгээр хүмүүсийн нэрийг яагаад зарлахгүй байна вэ?

-Яг одоо офшор бүсийн хэрэг нээгдчихсэн явж байгаа учраас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн дагуу прокуророос зөвшөөрөл авсны үндсэн дээр иргэдийн тухай мэдээллийг өгнө.

Гэхдээ энэ талаарх мэдээлэл нь аль хэдийн нийтэд зарлагдсан. 2016 оны дөрөвдүгээр сарын 3-нд Олон Улсын сэтгүүлчдийн консорциумаас мэдээлсэн байгаа. Энэ дагуу одоо хэрэг шалгагдаж байна.