Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/24-НД НИЙТЛЭГДСЭН

Ким Жон Уныг доромжилсон Трампын үг АНУ-д өгөх пуужингийн цохилтыг “гарцаагүй” болгож байна гэлээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Бямба гарагт Хойд Солонгосын гадаад хэргийн сайд Ри Ён Хо НҮБ-ын ерөнхий ассамблэйн чуулганы индэр дээрээс үг хэллээ.

Тэрээр удирдагч Ким Жон Уныг АНУ-ын ерөнхийлөгч удаа дараа доромжилж байгаа нь “АНУ-ын газар нутагт манай пуужингуудын өгөх цохилтыг гарцаагүй болгож байна” хэмээн мэдэгджээ.

Энэ долоо хоногийн турш хоёр улсын удирдагчид харилцан бие бие рүүгээ хатуу үгс чулуудаж байгаа. Тэгвэл гадаад хэргийн сайд энэ дайнд мөн хошуу нэмэрлэж, хэлсэн үгэндээ Дональд Трампыг “цөмийн товчлуурын ард сууж байгаа сэтгэцийн хувьд өөрчлөлттэй, биеэ хэт тоох өвчтэй этгээд” гэж нэрлэсэн байна. Ри сайд эдийн засгийн хориг нь Хойд Солонгосын цөмийн зэвсгийн хөтөлбөрт ямар ч саад болохгүйг энэ үеэр батлан хэлжээ.

Тэрээр Хойд Солонгосын эцсийн зорилго нь зэр зэвсгийн хувьд АНУ-тай тэнцүү хүчтэй болох буюу стратегийн тэнцвэрийг бий болгох гэсэн байна.

“Ийм урт бөгөөд хүнд хэцүү тэмцлийн дүнд бид цөмийн зэвсэгтэй улс болох сүүлчийн даваанаас цөөхөн алхмын зайнд ирээд байна” гэж Хойд Солонгосын гадаад хэргийн сайд мэдэгджээ.

“Трамп өөрийнх нь амнаас ямар үг унаж байгааг ойлгохгүй байна. Хэлсэн үгнийх нь үр дагавар ямар том, өөрийнх нь чадлаас хэтэрсэн зүйл болохыг тэр мэдрэх болно” гэж Ри Ён Хо анхааруулсан юм.

Түүнийг үг хэлсний дараа НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш хүлээн авч уулзахдаа Солонгосын хойгийн нөхцөл байдалд санаа зовж байгаагаа илэрхийлээд, НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийн тогтоолыг хэрэгжүүлж, сөргөлдөөнөө зогсоон, хэлэлцээрийн ширээний ард суухыг Хойд Солонгосоос хүссэн байна.

Эх сурвалж: Russia Today, CBSnews