Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/24-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын бөмбөгдөгч онгоц Хойд Солонгосын эрэгт хамгийн ойр нислээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр орой АНУ-ын B-1B Lancer бөмбөгдөгч онгоц, F-15 сөнөөгч онгоцнуудын хамтаар Хойд Солонгосын зүүн эрэг дагуу нислэг үйлдлээ.

Онгоцнууд Японы Окинава дахь цэргийн баазаас хөөрсөн юм.

“Энэ бол 21 дүгээр зуун гарснаар DMZ бүсээс хойшоо хамгийн хол зайнд АНУ-ын байлдааны онгоцнууд ниссэн тохиолдол байлаа. Ингэснээрээ бид Хойд Солонгосын балмад үйлдлийг хэр ноцтой хүлээж авч байгаагаа харуулж байна” хэмээн Пентагоны төлөөлөгч Дана Уайт мэдэгджээ.

DMZ (De-Militarized Zone) буюу зэвсэггүй бүс нь 38 дугаар өргөрөгийн дагуу хоёр Солонгосыг тусгаарладаг шугам бөгөөд 1953 онд Солонгосын дайны дараа бий болгосон юм.

Энэ шугамны хойд талд Хойд Солонгосын нутаг дэвсгэр оршдог. Тиймээс өчигдрийн нислэг нь Хойд Солонгосын нутгийн гүнд үйлдэгдсэн гэсэн үг юм.

B-1B Lancer стратегийн бөмбөгдөгч онгоц 1980-аад оны дундуур ашиглалтад орсон. Анхнаасаа цөмийн бөмбөг тээвэрлэх зориулалттай бүтээгджээ.

Гэвч Зөвлөлт Холбоот Улс нуран унаснаар түүний цөмийн бөмбөг тээвэрлэх хэрэгцээ үгүй болсон тул сүүлд хэд хэдэн өөрчлөлт хийснээр энгийн бөмбөг тээвэрлэх давхар зориулалттай болгосон байна.

Өчигдөр Хойд Солонгосын нутаг дэвсгэрт 3.4 магнитудын хүчтэй чичиргээ үүссэний дараа дээрх нислэгийг үйлдсэн юм. Энэ удаагийн газар хөдлөлтийг байгалийн гаралтай үзэгдэл гэж мэргэжилтнүүд тодорхойлоод байна.

 

Эх сурвалж: Russia Today