Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/23-НД НИЙТЛЭГДСЭН

Калашниковын хөшөөнд Нацистуудын буу дүрслэгдсэн тул дахин засварлахаар болжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Мягмар гарагт Москва хотын төвд нээгдсэн домогт зэвсэг зохион бүтээгч Михайл Калашниковын хөшөөнд дүрсэлсэн бууны загвар нь AK-47 биш, Нацистуудын автомат буу байсныг нэгэн иргэн илрүүлжээ.

Олон нийтийг бухимдуулсан энэ алдаагаа хөшөөг бүтээгчид засахаар болсон байна. Нээгдээд дөнгөж гурав хонож байгаа хөшөөнд засвар хийх болсноо Оросын Цэргийн Түүхийн Нийгэмлэг байгууллага Баасан гарагт зарласан юм.

Хөшөөний хананд байрлуулсан нэгэн зураг төслийн дүрслэл дээр үнэхээр Дэлхийн хоёрдугаар дайны үед Нацистуудын ашиглаж байсан Sturmgewehr 44 бууны загварыг үзүүлсэн байгаа ажээ.

Нийгэмлэгийн тэргүүн Надежда Усманова “Бид Салават Шербаковын бүтээлийг нарийвчлан хянаагүй” гээд алдааг илрүүлсэн иргэдэд талархлаа илэрхийлсэн байна.

Москвагийн Эх Орны Дайны Төв Музейд ажиллаж байсан Юрий Пашолок анх энэ алдааг илрүүлснээ Фэйсбүүк хуудсандаа мэдээлж, хөшөөг бүтээгчдийг зэмлэж байв.

Хөшөөний зөвхөн уг дүрслэл бүхий хавтанг солих юм. Сошиал ертөнцөд үүнээс болоод АК-47 бууг Германы Stg 44 буунаас хуулбарласан гэх яриа дэгдсэн байна.

Харин Усманова энэ сэжгийг няцааж “AK-47 ба Stg 44 хоёр нь бүхэлдээ өөр зэвсгүүд гэдгийг саяын явдал харууллаа” гэж тайлбарлажээ.

 

Эх сурвалж: Russia Today