Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/23-НД НИЙТЛЭГДСЭН

Судлаачид хүний “муу” өөхийг “сайн” өөх болгох аргыг нээжээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 9 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Хулгана дээр туршилт хийсэн хэсэг судлаачид хүний бие дэх илчлэгийг нөөцөлдөг цагаан өөхийг илчлэг шатаадаг бараан өөх болгон хувиргах аргыг илрүүлсэн байна.

Ингэснээр таргалалт, жингийн илүүдлийг үр дүнтэй эмчлэх шинэ арга боловсруулах боломж нээгджээ. Цагаан өөх нь биеийн авч байгаа ичлэгийг нөөцлөн хадгалснаар хүний хэвлий, гуя, өгзөгийг таргалуулдаг.

Харин бараан өөх нь хүзүү, мөр зэрэг биеийн хэсэгт байрлаж, авч байгаа илчлэгийг шатаан биеийн дулаан болгодог ажээ.

Судлаачид цагаан өөхийг бараан өөх болох үйл явцад саад учруулдаг нэгэн төрлийн уургийг илрүүлсэн юм байна. Уг бодисын ажиллагааг хориглосноор таргалалтыг зогсоож болох гэнэ.

“Бидний зорилго бол таргалалтыг эмчлэх, таргалалтаас сэргийлэх аргыг олох” гэж судалгааг ахалсан Сэнт Луйс дахь Вашингтоны их сургуулийн туслах профессор Ирфан Лодхи ярьжээ.

Тэр “Цагаан өөхөн дэх уургийг өөрчилснөөр бид муу өөхийг сайн өөхөнд хувиргаж болохыг судалгааны үр дүн харуулж байна” гэсэн юм.

Цуврал туршилтуудыг хулгана дээр хийхэд цагаан өөхөн дэх илчлэг хуримтлуулдаг уургийг нь бууруулсан хулгана бусадтайгаа ижил хэмжээнд идэж байсан ч жин нь нэмэгдэхгүй байжээ.

Илчлэгийн шаталт нь ч илүү өндөр байсан гэнэ. Цагаан өөхөнд байгаа RexRAP гэж нэрлэдэг уургийг нь хүний биед хор нөлөөгүйгээр хориглоход жингийн илүүдэл арилж болно гэж Лодхи профессор үзэж байна. Үүнээс үүдэн гарч болзошгүй биеийн халуун нэмэгдэлт, халуурахыг харин зөв зохицуулах шаардлагатай гэнэ.

Судалгааны тайлан энэ долоо хоногт Cell Report сэтгүүлд нийтлэгджээ. Тэдний ажлыг цаашид өргөжүүлэхэд хэд хэдэн шинжлэх ухааны байгууллагууд санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болсон байна.

 

Эх сурвалж: Quartz