Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/22-НД НИЙТЛЭГДСЭН

Ким Жон Ун англи хэлний ховор хэрэглэгддэг үгийг ТРЭНД болгов

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын хэлсэн үгэнд хариу болгож нэлээд хатуу мэдэгдэл хийсэн юм.

Дональд Трамп НҮБ-ын чуулганы индэр дээрээс анх удаа үг хэлэхдээ Хойд Солонгосыг бүрмөсөн сүйрүүлнэ гэж занаад Ким Жон Уныг “Пуужинтай хүн” хэмээн хочилсон.

Харин өнөөдөр Ким Жон Ун хувийн мэдэгдэлдээ Трампыг “зөнөсөн өвгөн” гэж хэд хэдэн удаа нэрлэжээ. Солонгос хэлнээс англи хэл рүү хөрвүүлснээр бол энэ нь “dotard” гэсэн үг юм.

Хүмүүсийн дунд өргөн хэрэглэгддэггүй энэ үгийг өнөөдөр маш олон хүн толь бичгээс харж, ямар утгатай болохыг нь сошиал ертөнцөөр ид хэлэлцэж байна. “Dotard” нь нас өндөр болсон, зөнөсөн буюу сэтгэцийн хувьд хэвийн биш болсон хүнийг хэлдэг аж.

Зарим Америкчууд энэ үгийг толь бичгээс харсныхаа дараа “Нээрээ манай ерөнхийлөгчид яг таарах үг байна” хэмээн хошигноцгоож байгаа юм.

Твиттер сүлжээний трэнд үгийн жагсаалтыг “dotard” тэргүүлж, яг одоогийн байдлаар 70,000 гаруй удаа дурдагдаад байна.

Жишээ нь доорх жиргээнд “dotard гэж нар хиртэлтийг хамгаалах шилгүйгээр хардаг хүнийг хэлнэ” хэмээн хошигножээ.