Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/22-НД НИЙТЛЭГДСЭН

Нохойн там болсон Төвдийн өндөрлөг

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Нэгэн үе Хятадын баячуудын зэрэг зиндааг илтгэдэг байсан Төвд банхар сүүлийн жилүүдэд хамгийн хэрэггүй амьтан болон хувирснаар Төвдийн Өөртөө Засах орон, Циньхай буюу Хөх нуур муж мянга мянган золбин нохойгоор дүүрээд байна.

Үүнтэй холбогдуулан Төвд банхарыг хамгаалах байгууллагынхан нөхцөл байдлыг харуулсан богино хэмжээний баримтат кино бүтээж дэлхий нийтэд цацсан юм.

Дээрх бүс нутгуудын засаг захиргааныхан золбин нохдыг орогнуулах байр олноор байгуулж байгаа ч дийлэхгүй байгаа ажээ. Төвдийн нийслэл Лхас хотод дангаараа 13,000 золбин нохой байгааг 2015 онд тоолсон байна.

2013 оноос эхлэн Төвд банхарын зах зээлийн эрэлт огцом буурснаас ийнхүү зарахаар үржүүлж байсан ноход олноор гудамжинд хаягдсан юм.

Одоогоос 10 орчим жилийн өмнө Хятадын эдийн засаг цэцэглэж, хүмүүсийн амьдрал дээшлэхтэй зэрэгцэн Төвд банхар баян хүний зэрэг зиндааг харуулдаг амьтан болсон байна. 2014 онд Ханьжоу хотод нэгэн үзэсгэлэн дээр үл хөдлөх хөрөнгийн тэрбумтан хоёр нохойг 18 сая юань ($2.7 сая)-аар худалдан авч байв. 2009 онд Шиань хотод нэгэн эмэгтэй Төвд банхарыг 4 сая юаниар худалдан авч, онгоцны буудлаас нохойгоо 30 машинтай цуваагаар тосч авхуулж байжээ.

Гэвч энэ галзуурал удаан үргэлжилсэнгүй. Удалгүй сонирхол буурч, ихэнх баячууд уулархаг нутгийн энэ амьтныг гэрт тэжээх боломжгүйг ойлгож эхэлсэн байна. Дулаан чийгтэй, нам дор газар амьдарч байгаа банхруудын эрүүл мэнд ч доройтож эхэлсэн байна.

2015 онд Төвдийн нохой үржүүлгийн 3,000 төвийн гуравны хоёр нь хаагдаж, үржүүлж байсан нохдоо гудамжинд хаяжээ.

Одоогийн байдлаар нэг банхар 10,000 юань хүрэхгүй үнэтэй болоод байгаа гэнэ.

Кинонд гарч байгаа Төвд малчин Самдруп зарим хятад бизнесмэн түүнээс худалдаж авсан нохойнуудаа хүнсэнд хэрэглэхээр нядалж байсныг хожим мэдсэн тухайгаа ярьжээ.

Тэр Ланжоу хотод нохой худалдаж авсан хүний аж ахуйд зочлохдоо аймшигтай зүйл харсан байна. Бизнесмэн 60 эм нохойг үржүүлэх зорилгоор тэжээж, үржүүлсэн нохдоо нядалж байжээ. Нохдыг алхаар балбаж, дүүжилж, махыг нь амттай болгохын тулд амьдаар нь өвчиж байсныг Самдруп гэрчлэн ярьсан юм.

Үүнийг харсны дараа малчин эр олон хоног уйлж, сүүлд нохойг хамгаалах сайн дурын ажилд зүтгэх болжээ. Одоо Самдруп хаягдсан 40 нохойг тэжээж, тэднийгээ хөнгөлж, үржлийг нь зогсоогоод байгаа гэнэ.

Амьтны амь хөнөөхийг тэвчдэггүй Буддын шашинт төвдүүд нохойг устгахаас зайлсхийж, ядаж цааш үржихийг нь зогсоон, ямар нэгэн аргаар амьд үлдээх арга хайсаар байна.

 

Эх сурвалж: Quartz