Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/22-НД НИЙТЛЭГДСЭН

Оюуны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг АЖЛЫН БАЙРААР хангана

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 9 сарын 22
iKon.MN
Зураг зураг

“Оюуны бэрхшээлтэй иргэдийг хувийн туслахаар ажиллуулах боломж” төслийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо. 

Төслийг Канад сангийн санхүүжилтээр “Түгээмэл Хөгжил” бие даан амьдрах төв, “Хөгжлийн алтан боломж” ТББ хамтран, 2017 оны есдүгээр сараас 2018 оны нэгдүгээр сар хүртэл хэрэгжүүлэх юм.
 
Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яамны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөгжлийн хэлтсийн дарга Д.Ганбат "Монгол Улсад шинээр батлагдсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 32 дугаар зүйлээр хөгжлийн бэрхшээлтэй хүний бие даан амьдрах эрхийг баталгаажуулж өгсөн байдаг. 
 
Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг бие даан амьдрах эрхээ эдэлж, нийгмийн ажиллагаанд оролцдог болгоход шаардагдах нэг хүчин зүйл нь хувийн туслах үйлчилгээ юм. 
 
Төсөл нь хувийн туслах үйлчилгээний загварыг амьдралд хэрэгжүүлэх замаар хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм" гэлээ.

10-20 хүнийг хувийн туслах болгон бэлтгэж, цагийн ажлаар хангана

 

Төслийн хэрэгжилт, үр дүнгийн талаар "Түгээмэл Хөгжил" төвийн зохицуулагч Н.Мөнхжаргалаас тодрууллаа.

Н.Мөнхжаргал "Монгол Улсын хэмжээнд оюуны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах явц сул байна. Дийлэнх хүмүүс оюуны бэрхшээлтэй хүмүүсийг тэнэг гэж бодон ажилд авдаггүй. Тиймээс бид эдгээр хүмүүс ажил хийж чаддаг гэдгийг харуулах зорилгоор энэхүү төслөө хэрэгжүүлэх гэж байна.

Төсөлд 10 хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэй оролцоно. Эдгээр эмэгтэйчүүдэд бид бусдын адил нийгмийн амьдралд бүрэн дүүрэн орох боломжийг нээж туслах ажилчид өгнө. 
 
Нийт 10-20 хүнийг хувийн туслах болгон бэлтгэж, цагийн ажлаар хангана. Хувийн туслахаар оюуны бэрхшээлтэй гурван иргэнийг ажиллуулан, улмаар нийгэмшүүлэх, ажлын байртай болгох боломжийг бүрдүүлэх юм.
 
Өөрөөр хэлбэл тухайн 10 эмэгтэйд нийгмийн харилцаанд ороход нь тулгардаг асуудлуудыг шийдвэрлэхэд туслах юм. Жишээлбэл, хувцсаа өмсөж чаддаггүй хүнд хувийн туслах нь тусалдаг гэх мэт. 
 
Цалинг Монгол Улсын цагийн ажилтны нэг цагийн хөлс буюу 3,500 төгрөгөөр тооцож олгоно" гэлээ.
 
Төслийн хүрээнд хийгдэх ажлууд:
  • Хувийн туслахыг бэлтгэх сургалт зохион байгуулах. Үүнд оюуны бэрхшээлтэй 3 хүнийг хамруулах
  • Төсөлд хамрагдах хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийг сонгох, нөхцөл байдлын үнэлгээ боловсруулан хувийн туслах үйлчилгээнд хамруулах
  • Хувийн туслах үйлчилгээ авах хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох үнэлгээний аргачлал,  холбогдох бичиг баримтыг  боловсруулах
  • Нийгмийн оролцоог нэмэгдүүлэх үйл ажиллагаанууд зохион байгуулах
  • Төр, нийгэмд төслийн зорилго, зорилт болон бие даан амьдрах эрхийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх үйл ажиллагаа зохион байгуулах юм байна.