Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/22-НД НИЙТЛЭГДСЭН

Үндсэрхэг популизмын сүүдэр туссан сонгууль

ikon.mn
2017 оны 9 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Энэ Ням гарагт ХБНГУ-ын Бундестагийн сонгууль болох гэж байна. ДНБ-ын хэмжээгээрээ АНУ, Хятад, Японы дараа дэлхийд дөрөвт орох эдийн засгийн их гүрэн,  Европын Холбооны тэргүүлэгч гүрний хувьд Германы парламентын сонгууль дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Монголчууд бидний хувьд ч Герман бол Европ дахь том түнш, хандивлагч улс бөгөөд шуудхан хэлэхэд Монголыг гэх Европын ганц улс билээ. 

Улс төрийн тогтворт байдал, зөвшилцлийн ардчиллын нүүр царай

Дэлхийн I ба II хоёрдугаар дайн, тэр дундаа Гитлерийн нацизм, еврейчүүдийг хомроголон устгасан аймшигт геноцид, үндэстнээрээ дайны гол буруутан гэж тооцогдож бусдад адлагдах явдал дайны дараах  Баруун Германы төрийн тогтолцоонд гүнзгий ул мөрөө үлдээсэн билээ. 1949 оны Германы үндсэн хууль болон түүнээс хойш батлагдсан бүхий л хуулинд аливаа хүчирхийлэл, төрийн эргэлт, дарангуйлагч дэглэм, нэг хүний харизматик засаглалаас сэргийлэх талаар байж болох бүх заалтуудыг тусгасан байдаг. Германы үндсэн хуулийн нэг үзэл санаа бол сул дорой намууд бүхий Веймарын БНУ-ын алдааг давтахгүйн үүднээс хүчтэй намын тогтолцоог дэмжих явдал байсан юм. Тийм учраас өдгөө дэлхий дахинд  Германы улс төрийн тогтолцоо нь улс төрийн тогтворт байдал, парламентат ёс, олон намын тогтолцоо, зөвшилцлийн ардчиллын гол жишиг болдог билээ.

Хүйтэн дайны дараах дэлхий дахинд хэт их гүрэн болж үлдсэн Америкийн реалист бодлого, НАТО-гийн үйл ажиллагааг тогтворжуулагч, тоормослогч болж ирсний хувьд Герман улс төрийн жин нөлөөгөөрөө ч дэлхийд онцгой үүрэгтэй юм. Ялангуяа АНУ ба ОХУ-ын харилцаа, НАТО ба ОХУ-ын дайсагнасан харилцааны тал дээр Германы аядуу бодлого хүчний тэнцвэрийг хангагчийн үүрэг гүйцэтгэдэг. 

Герман бол Их Британи шиг Америкийг аялдан дагагч бус гэдгээ 1999 оны Косовогийн хямралаас эхлэн Ирак, Афганистаны цэргийн ажиллагааны явцад удаа дараа илэрхийлж байсан билээ. Мөн НАТО-г өргөжүүлэх, НАТО-гийн цэрэг зэвсэглэлийн зардлыг нэмэгдүүлэх асуудлаар Германы засгийн газар эсрэг байр суурь баримталсаар ирсэн. Тийм учраас Дональд Трамп НАТО-д зарцуулж буй Германы мөнгөн хөрөнгийг голж “Герман Америк болон НАТО-д өртэй” гэж жиргэсний хариуд Германы Батлан хамгаалахын сайд Урсула “Герман улс НАТО-д ямар ч өргүй” хэмээн шийдмэг мэдэгдсэн удаатай. 

Өнгөрсөн Мягмар гарагт НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган дээр Дональд Трамп хэлсэн үгэндээ “Хэрвээ Умард Солонгос цөмийн хөтөлбөрөө үргэлжлүүлж АНУ болоод түүний холбоотнуудад аюул учруулах юм бол тус улсыг устгах болно" гэж мэдэгдсэнийг канцлер Ангела Меркел эрс шүүмжилсэн юм. Тэрээр “Умард Солонгосын асуудлыг цэргийн хүчээр шийдвэрлэх ёсгүй, маргааныг дипломат арга замаар шийдэх тал дээр тууштай зогсох болно, тийм учраас АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай санал нийлэхгүй” гэж Лхагва гарагт Германы DW телевизэд өгсөн ярилцлагандаа дурьдсан.

Ийнхүү дэлхий дахины энхтайван, аюулгүй байдал, ардчиллын нэгэн том харуул болсон Германы парламентын ээлжит сонгууль дэлхийн олон нийтийн анхаарлын төвд байна.

Үндсэрхэг популизмын халдвар

Дэлхийн улс орнуудад газар авч, ардчилалд аюул тарьж буй үндсэрхэг, популист үзлийн тархалт энэ удаагийн Германы сонгуулийг ч тойрч гарсангүй. Хоёр Герман нэгдсэнээс хойш бага багаар өсөн нэмэгдэж буй үндсэрхэг үзэлтнүүдийн нөлөө энэ удаагийн Бундестагийн сонгуульд ихээхэн нэмэгдэв. Берлиний хана нурсны дараа Зүүн Германы хэсэгт байсан мужуудад анхлан нео нацист гэж нэрлэгдсэн үндсэрхэг үзэлт залуусын хөдөлгөөн гарч эхэлснийг дэглэмийн уналтаар ажилгүйдэл, үнэт зүйлсийн зөрөлдөөнтэй холбоотой гэж тайлбарлаж байсан юм. Гэвч сүүлийн жилүүдэд тус улсад өсөн нэмэгдэж буй мусульман орнуудаас ирэх цагаачид, дүрвэгсдийн асуудал, алан хядах үйл ажиллагаатай холбоотойгоор Германы бусад мужуудад ч үндсэрхэг үзлийг дэмжигчдийн хүрээ нэмэгдэх болсон юм. 

Үндсэрхэг үзлийн эсрэг Германы Үндсэн хууль болон бусад хуулиар ихээхэн хатуу зохицуулалт үйлчилдэг. Нацизмтай холбоотой бүх дүрс, дуу, хас тэмдэг зэргийг хориглодог. Нацизмыг сурталчилсан хэргээр улс төрийн хэд хэдэн намын үйл ажиллагааг зогсоож байсан. 1949 оноос хойш арав гаруй хэт барууны үзэлт намыг Дээд шүүхээс татан буулгаж байлаа. Хас тэмдэг зурах, хэрэглэх тохиолдолд хорих ял хүртэл өгдөг билээ. Хэдий тийм боловч  интернетийн хэрэглээ нэмэгдсэнтэй холбоотойгоор нацист үзэлт веб сайтууд ч ихсэж байна. Гэхдээ Германы тагнуулын албаны мэдээгээр ийм сайтууд бүгд АНУ юмуу Канад дахь интернет серверүүдийн мэдлийнх ажээ. 

Германд үндсэрхэг үзэлтнүүд өсөн нэмэгдэж буйн нэгэн том баримт бол 2013 онд байгуулагдсан цагаачдын эсрэг байр суурьтай Германы Альтернатив (AfD) хэмээх хэт барууны үндсэрхэг намын амжилт билээ. Германы Альтернатив гэдэг нь “Герман дахь өөр сонголт” гэсэн утгатай. Энэ нам 2013 оны 4 сард байгуулагдсан атлаа тавхан сарын дараа буюу 2013 оны 9 сард болсон Бундестагийн сонгуульд 4.7 хувийн санал авч 5 хувийн парламентын босго давахад тун ойртсон юм.

Германы сонгуулийн хуулиар улсын хэмжээнд нийт сонгогчдын 5 хувиас илүү санал авсан нам Бундестагт суудал авах эрхтэй болдог билээ. Тэгвэл энэ жилийн хувьд судалгааны газруудын дүнгээр Германы Альтернатив нам Бундестагт орж ирэх нь тодорхой болчихоод байна. Өнгөрсөн ням гаригт Эмнид судалгааны хүрээлэнгийн явуулсан санал асуулгаар AfD 11 хувийн саналаар Германы хоёр том намын араас гуравдугаар байранд явж байгаа юм. Германы судлаачид Ангела Меркелд учирч буй хамгийн том сорилт бол AfD гэж үзсэн байдаг.

Германы Альтернатив намын дэвшүүлж буй гол асуудал бол Германд орж ирж буй цагаачдыг хязгаарлах, тэр дундаа мусульман шашинт дүрвэгсдийн эсрэг хориг тогтоох явдал юм. Намын лидер Александр Гауланд өнгөрсөн даваа гаригт хэвлэлд ярилцлага өгөхдөө “Мусульман шашин бол Германд огт хамаагүй. Энэ шашны улс төрийн үзэл баримтлал эрх чөлөөт улс оронд тохирохгүй. Исламын алан хядагчдын хүчирхийлэл нь Коран судар дээр үндэслэгдсэн” гэж мэдэгдсэнийг Катарын мэдээллийн Аль жазира сайт уламжилсан байна. Мөн тус намын зарим лидерүүд Германы хилийг хууль бусаар даван орохыг оролдсон дүрвэгчид рүү зэвсэг хэрэглэж болно гэж мэдэгдэж байсан.

Ийнхүү цагаачдын эсрэг үндсэрхэг байр суурьтай нам Германы Бундестагт орж ирэх шинжтэй болсныг АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп ялсны Герман дахь тусгал гэж үзэх судлаачид нэлээдгүй байна. Гэхдээ харьцангүй тогтвортой дэглэм, улс төрийн тогтолцоонд хувь хүний гэхээс илүү намын хүчин зүйл хүчтэй байдгийн ачаар Герман дахь популист намууд ерөнхийлөгчийн засаглалтай улс орнуудынх шиг хүчээ авч засгийн эрх барилцах боломжгүй юм. Үүнийг Ангела Меркел өөрөө ч хатуу хэлсэн. Тэрээр DW телевизэд өгсөн ярилцлагадаа “Би хэзээ ч Германы альтернатив намтай хамтран ажиллахгүй” гэж хатуу мэдэгдсэн.

Ангела Меркел 4 дэх удаагаа канцлер болно

Германы сонгуулийн холимог системийн улмаас Христосын ардчилсан холбоо, Социал демократ нам хэмээх баруун, зүүны үзлийн хоёр том намын аль нь ч 50-иас дээш хувийн санал авч дангаараа засгийн газраа бүрдүүлж чаддагүй билээ. Тийм учраас энэ хоёр намын аль олон суудал авсан нь үзэл баримтлал ойролцоо гуравдагч жижиг намтай хамтран засгийн газраа байгуулдаг учраас Германы намын тогтолцоог 2+1 намын систем гэдэг юм. Зарим жилд зүүн барууны энэ хоёр том Их эвсэл болж засгийн газраа байгуулах тохиолдол гардаг. Ангела Меркел 2005, 2013 онд Их эвслийн засгийн газрын тэргүүн болж байсан.

Тэгвэл 38 нам өрсөлдөж буй энэ удаагийн сонгуулиар аль намын эвсэл засгийн газраа байгуулах вэ гэдэг нь анхаарал татаж байна.

Германы сонгогчдын цуврал судалгааны дүнгүүдээр:

Ангела Меркелийн толгойлж буй эрх баригч Христосын ардчилсан холбоо (CDU), Христосын нийгмийн холбоо (CSU) эвсэл хамгийн олон суудал авч Социал демократ нам (SPD)-тай хамтран дахин засгийн газрыг бүрдүүлэх магадлал хамгийн өндөр байна.Харин Германы Альтернатив нам парламент дахь хамгийн том сөрөг хүчин болох төлөвтэй байна. 9 сарын 18-ны судалгаагаар CDU/CSU эвсэл 36.2%, СДН 22.1%, Зүүнийхэн 9.8%, Германы Альтернатив нам 10.5%, Чөлөөт ардчилсан нам 9.4%, Ногоонтнууд 7.7%-ийн рейтингтэй явж байна. 

 Ийнхүү 2005 оноос хойш гурван сонгууль дараалан канцлерын алба хашсан Ангела Меркел дахин дөрөв дэх удаагаа засаг тэргүүлэх нь тодорхой болоод байгаа юм. 

Ангела Меркел бол Германы улс төр дэх технократуудын төлөөлөл, академик ертөнцөөс улс төрд орж ирсэн, химийн ухааны доктор хүн билээ. 2005 оноос хойш Германы засгийн эрхийг атгаж байгаа Ангела Меркел улс орны дотоодод ч тэр, гадаадад ч тэр асар нэр хүндтэй хэвээр байна. Хүчирхэг, ардчилсан Европын төлөөх аядуу гадаад бодлогыг Германы иргэд, өрсөлдөгч намын лидерүүд нь хүртэл бүгд хүлээн зөвшөөрч дэмждэг. Харин түүний дотоод бодлого, тэр дундаа 2015 оноос хойш нэг сая гаруй дүрвэгчдийг хүлээн авсан Нээлттэй хаалганы бодлого нь сүүлийн үед шүүмжлэл дагуулж байгаа юм. Хэдий тийм боловч хэзээнээс цагаачдад хаалга үүдээ чөлөөтэй нээж ирсэн германчуудын олонх, тэр дундаа залуучуудын дунд Меркелийн нэр хүнд өндөр байгааг судалгааны дүнгүүд харуулдаг. 

Германы сонгогчид ямар хүмүүс байдаг вэ?

Герман Баруун Европын ардчиллын үндсэн загвар болдгийн хувьд сонгогчид нь ч гэсэн энэ хөгжингүй либераль нийгмийн гол төлөөлөл болдог. Постмодерн буюу аж үйлдвэржсэний дараах нийгэм учраас хувь хүний хүчин зүйл онцгой үүрэгтэй, анги бүлгийн ялгаа багатай чинээлэг дунд анги бүхий улс бол Герман юм. 1980-аад он хүртэл Германы намууд тогтвортой дэмжигчидтэй, Социал демократ нам нь Европын хамгийн том нам байсан билээ. Энэ намын нийгмийн бааз суурь нь ажилчин анги байсан бөгөөд үйлдвэр, байгууллагаараа гишүүнээр элсдэг байв.

Харин 1980-аад оны сүүлчээс Герман болон Баруун Европын ихэнх орнуудад улс төрөөс хүнийсэх үйл явц газар авч намын гишүүнчлэл буурах болсон нь одоо хүртэл үргэлжилж байгаа юм. Германы залуу үе улс төрийн намыг гэхээс илүү популист шинжтэй нийгмийн хөдөлгөөнүүдийг дэмжих болсон. Сонгогчдын оролцоо буурч, аль ч намыг дэмждэггүй хөвөгч сонгогчдын тоо нэмэгдсээр байгаа. 
Энэ жилийн хувьд 18 нас хүрсэн 61.5 сая сонгогч санал өгөхөөс гурван сонгогч тутмын нэг нь буюу 22 сая нь 60-аас дээш насныхан юм. Залуу сонгогчид Ангела Меркелийг илүүтэй дэмжиж байгаа. Forsa судалгааны төвийн санал асуулгаар 18-21 насны залуучуудын 57 хувь нь Меркелийг дахин Канцлер болохыг дэмжсэн байна. Ерөнхийдөө герман залуучууд Ангела Меркелийг хамгийн “cool” улс төрч гэж үздэг ажээ. 

Аман ухуулга давамгайлсан сурталчилгаа

Германы сонгууль нь өртөг зардал өндөртэй, нэр дэвшигчийн хувийн хүчин зүйл илүү нөлөөтэй байдаг Америк маягийн сонгуулиас ихээхэн ялгаатай. Хувь нэр дэвшигч гэхээс илүү намын фон сонгуулийн ялалтын голлох зүйл болдог. 

Сонгуулийн сурталчилгаа нь хэвлэл мэдээллийн нэлээд хязгаарлалт дор явагддаг, хүмүүс хоорондын аман ухуулга, айлаас айлд гэсэн сурталчилгаа өнөөг хүртэл нөлөөтэй хэвээр байгаа юм. Нэг мандаттай 299 тойрогт өрсөлдөгчид сарнай цэцэг, алим барьсаар айл өрхүүдийн хаалга тогшин явцгааж 150 хоногийн турш сонгуулийн сурталчилгаа хийж байна. 
 
Жишээлэхэд Фрайбург хотод нэр Меркелийн намын нэр дэвшигч Матерн багийнхны хамт 7,000 айлаар орж ухуулгаа хийсэн байна. Ингэхдээ сонгогчдын судалгаанд үндэслэн хийсэн гар утасны апликэшн ашиглан аль нэг намд саналаа өгөхөөр шийдээгүй юмуу, өөрийнх нь намыг дэмжиж магадгүй байр суурьтай айл өрхийг сонгон ордог аж. ХАХ намын нийт дүнгээр бол 9,000 ухуулагч 700 мянган айл өрхөөр орж сонгуулийн сурталчилгаа хийгээд байгаа юм.
Сөрөг сурталчилгааг хэмжээ хязгаагүй хийдэг, өрсөлдөгчийн үзэл баримтлал, ажлын туршлагаас эхлэн гэр бүл, үр хүүхэд, нууц амраг гэх мэт хөндөхгүй сэдэв байдаггүй Америк маягийн сонгуулийн кампанитай харьцуулахад Германы сонгуульд сөрөг сурталчилгааны жин нөлөө бага. 

Гэхдээ Германы улс төр судлаачид сүүлийн хэдэн удаагийн Бундестагийн болон Европарламентын сонгуулийн кампанид америкжих үйл явц тод илэрч байна гэж үздэг. Америкаас өндөр түвшний мэргэжилтнүүд ирж сонгуулийн зөвлөх хийх болсон, сөрөг сурталчилгааны агуулга, далайц нэмэгдэж байгаа, сонгуулийн ялалтанд намын лидер болох хувь хүмүүсийн харизм, имижийн үзүүлэх нөлөөлөл ихсэж байгаагаар Германы сонгууль америкжиж байна гэж дүгнэдэг юм. 

Мөн энэ удаагийн сонгуульд 2016 оны Америкийн ерөнхийлөгчийн сонгуулийн адил улс төрийн намууд өрсөлдөгчийн эсрэг “fake news” буюу хуурамч мэдээлэл нийгмийн сүлжээгээр ихээхэн тарааж байгаа юм. Мөн Америк болон Францын сонгуульд хакердах ажиллагаа хийсэн Оросын хакерчид энэ удаа ч Германд ажиглагдсаар байгааг хэвлэлүүд мэдээлж байгаа юм.  

 

Улс төр судлаач Ц.Мөнхцэцэг