Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/21-НД НИЙТЛЭГДСЭН

Иракийн Курдүүдийн гол санхүүжүүлэгч нь Орос боллоо

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Есдүгээр сарын 25-нд Иракийн Курдүүд тусгаар тогтнолын санал хураалтыг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа. Вашингтон, Европын орнууд, Турк, Иран бүгд энэхүү санал хураалтыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн бол Иракийн засгийн газар энэ ажиллагааг үндсэн хууль зөрчиж байна хэмээн үзэж, Курдистаны засаг захиргааг тусгаар тогтнох үзлээсээ ухрахыг уриалаад байна.

Харин дэлхийн нөлөө бүхий улс гүрнүүдээс ганцхан ОХУ энэ талаар ямар ч мэдэгдэл хийгээгүй байгаа юм. Санал хураалт эхлэхээс хэдхэн хоногийн өмнө буюу өнгөрсөн долоо хоногт Оросын газрын тосны аварга компани Роснефт Иракийн Курдистанд хөрөнгө оруулж, байгалийн хийн олборлолтыг нь хөгжүүлэн, дотоод хэрэгцээгээ хангахаас гадна гадаад зах зээлд импортлоход нь туслахаа зарлажээ.

Хөрөнгө оруулалтын хэмжээгээ зарлаагүй ч эх сурвалжуудын мэдээлж байгаагаар $1 тэрбум гаруй үнийн дүнтэй гэрээг Курдүүдтэй байгуулсан гэнэ.

Өнгөрсөн хоёрдугаар сараас хойш Роснефт гурав дахь хамтарсан компаниа Курдистанд байгуулж байгаа нь энэ юм. Ингэснээр Роснефтийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээ $4 тэрбум орчим болж байгаа ажээ.

1991 онд курдүүдийг Саддам Хуссайнаас хамгаалахаа амласнаар Вашингтонтой гүнзгий харилцааатай болоод байсан Курдистан муж ийнхүү Москва руу эргэж байна.

Москва Иракийн газар нутгийн бүрэн бүтэн байдлыг дэмжиж байгаагаа илэрхийлдэг боловч бас Курдүүдын тусгаар тогтнох хүсэл эрмэлзлэлийг хүндэтгэж байгаагаа нуудаггүй.

Өнөөдөр Ирак, Иран, Турк, Сирид нийтдээ 35 сая Курд үндэстэн амьдардаг.

Ажиглагчид Москвагийн байр суурийг “Санал хураалтын үр дүнг яаж гарахыг харъя” гэсэн байдалтай байна гэж тодорхойлж байгаа юм.

ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров өнгөрсөн зургаадугаар сард Курдын төлөөлөгчидтэй Санкт Петрбург хотноо уулзахдаа санал хураалтыг эсэргүүцэхгүй гэсэн санаагаа ойлгуулсан гэдэг.

Иракийн автономит муж болох Курдистан өөрийн газрын баялгийг өөрөө  мэдэн зарцуулах эрхтэй гэж байнга маргадаг. Харин Багдадын засгийн газар ингэхийг хууль бус гэж үздэг юм.

Хэдийгээр Курдын газрын тосны салбарт АНУ-ын Exxon Mobil хөрөнгө оруулахыг сонирхож байсан ч Багдадтай харилцаагаа муутгахгүйн тулд төдийлөн хүчлээгүй орхисон байна.

Харин энэ орон зайг Оросууд эзэлж байгаа нь энэ юм. Курдистанд 45 тэрбум баррел газрын тосны, 5.66 их наяд шоо метр байгалийн хийн батлагдсан нөөц байдаг ба цаашдаа ч нэмэгдэнэ гэж үздэг.

 

Эх сурвалж: Japan Times