Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/21-НД НИЙТЛЭГДСЭН

Хар тамхитай холбогдсон нь үнэн бол Филиппиний ерөнхийлөгч хүүгээ цаазлах тушаал өгнө гэлээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Хар тамхины дуулианд нэр нь холбогдсон хүүгээ буруутай нь тогтоогдвол цаазлах тушаал өгөхөө Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутертэ мэдэгдлээ.

Сөрөг хүчний парламентын гишүүн түүний хүү 42 настай Пауло Дутертэг Хятадаас Филиппинд их хэмжээний метамфетамин хэмээх мансууруулах бодис нууцаар оруулж ирдэг Хятадын триадын (мафи) гишүүн байсан гэх баримтыг тараасан юм. Саяхан залуу Дутертэ энэ яриаг няцаахын тулд сенатад мэдүүлэг өгсөн байна.

 
Пауло Дутертэ

Өчигдөр буюу Лхагва гарагийн үдэш ерөнхийлөгч Дутертэ засгийн газрын албан хаагчдын өмнө үг хэлэхдээ сонгуулийн үеэр амлаж байсанчлан хар тамхитай холбогдсон нь батлагдвал хүүхдүүддээ ч цаазлах ял онооно гэж хэлжээ.

Тэрээр “Хэрвээ үнэн бол чамайг алах тушаалыг би өгнө. Бүр чамайг алах даалгавар авсан цагдааг ч хамгаалах болно гэж би түүнд хэлсэн” гэж ярьсан байна.

Өнгөрсөн оны дундуур Филиппиний ерөнхийлөгчөөр сонгогдсон 72 настай Родриго Дутертэ нийгмийг цэвэрлэхийн тулд 100,000 хүртэл тооны донтогсод, хар тамхины наймаачдыг устгахаа амлаж байсан юм. Өнөөдрийн байдлаар түүний дайнд 3,800 орчим хүн алагдаж, дахин хэдэн мянган хүн тодорхойгүй шалтгаанаар алагдаад байна. Түүний том хүү Пауло Дутертэ нь Давао хотын дэд даргын албыг хашдаг. Паулог хар тамхины томоохон наймаатай холбоотой гэх яриа гарсны дараа тэр саяхан Филиппиний сенатын гишүүдэд мэдүүлэг өгч, өөрийгөө буруугүй гэдгийг мэдэгдсэн юм.

 

Эх сурвалж: AFP