Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/21-НД НИЙТЛЭГДСЭН

Германчууд 250 жилийн дараа нутагт нь эргэж ирсэн зэрлэг үхрийг агнасныхаа төлөө зэмлүүлэв

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Германд 250 жилийн дараа анх удаа үзэгдсэн бизон үхрийг буудаж хөнөөх тушаал өгсөн орон нутгийн захиргаанд хариуцлага тооцно гэж Дэлхийн Байгаль Хамгаалах Сан (WWF) мэдэгджээ.

Энэ сарын 13-нд нэгэн иргэн Берлинээс зүүн зүгт 88 км-ийн зайнд бизон үхэр явж байхыг хараад цагдаад мэдэгдсэн байна. Орон нутгийн захиргаа уг амьтныг хүмүүст аюул учруулна гэж үзээд хөнөөх тушаал өгчээ. Үүний дараа WWF байгууллагын Герман дахь төлөөлөгч дээрх үйлдлийг шүүмжилсэн мэдэгдэл гаргасан байна.

Мэдэгдэлд маш ховор төрөл зүйлийн амьтан 250 жилийн дараа Германд эргэн ирэхэд эрх баригчдын гаргасан шийдвэрт харамсаж байгаагаа илэрхийлжээ. WWF байгууллагын төлөөлөгч Кристоф Хайнрих орон нутгийн захиргааныхныг зэрлэг амьтантай хэрхэн харьцахаа мэддэггүй, мэргэжлийн бус гэж шүүмжлээд бизон үхрийг хүмүүст хор хөнөөлгүй амьтан гэж тайлбарласан байна.

Одоогоор бизон үхрийг Европт дахин нутагшуулах төсөл хэрэгжиж байгаа бөгөөд Польшийн Үндэсний дархан цаазат газарт суурьшуулаад байсан бизон үхэрнүүдийн нэг нь Германы нутаг дэвсгэрт орж ирээд ийнхүү алагдсан ажээ.

Европ тивийн хамгийн том өвсөн тэжээлтэнд тооцогддог бизон үхэр нэгэн үе тус тивийн баруун, төв, зүүн өмнөд хэсгээр амьдардаг байсан юм. Гэвч 19 дүгээр зууны сүүлээр Бяловежийн ой, баруун Кавказ гэсэн газруудад хоёрхон сүрэг үлдээд байв.

Ингээд 1927 онд байгаль дээр зэрлэгээр үлдсэн бизон үхэр устаж үгүй болсныг зарлаж, дараа нь Польш, Литва, Беларус, Украин, Орос, Словакт бизоныг үржүүлж, дахин зэрлэгшүүлэх ажил хийгдэж эхэлжээ.

 

Эх сурвалж: Independent