Онцгой Байдлын Ерөнхий Газрын дэргэд 2013 онд байгуулагдсан Гамшгийн шуурхай удирдлага, Зарлан мэдээллийн төв сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий холбоо, зарлан мэдээллийн тоног төхөөрөмжийн шинэчлэлийг бүрэн хийж, Үндэсний болон бүсийн төвүүдийг байгуулан өнөөдөр албан ёсны нээлтээ хийлээ.
Гамшгийн аюулыг зарлан мэдээлэх энэхүү нэгдсэн систем сансрын холбоо, богино болон хэт богино долгионы радио холбооны сүлжээг ашиглаж байгаа юм.
Түүнчлэн газар хөдлөлтийн идэвхтэй бүсүүдэд суурилуулсан газар хөдлөлтийг мэдрэх 12 төхөөрөмжөөс хүлээн авсан мэдээг Одон орон, геофизикийн хүрээлэнд боловсруулан Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвд дамжуулна.
Үүнээс гадна дөрвөн бүсийн төв болон 21 аймгийн Онцгой байдлын газруудыг Онцгой байдлын ерөнхий газартай өндөр хурдны шилэн кабелийн нэгдсэн сүлжээнд холбож мэдээ, мэдээллийг шуурхай солилцох боломжтой болж байна.
Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын хэмжээнд анх удаа Удирдлага хяналтын хамгийн том системийг нэвтрүүлж, бүх төрлийн холбоо, мэдээллийн сүлжээ, нэгдсэн удирдлагаар хангах олон төрлийн мэдээ мэдээллийг нэгэн зэрэг хүлээн авч боловсруулах, хянах боломжийг бүрдүүллээ.
Гэрэл зургийг mpa.mn