Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/21-НД НИЙТЛЭГДСЭН

Трампын хэлсэн үгнээс Цагаан ордны дарга “ичээгүй” гэж мэдэгдэв

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 21
iKon.MN
Зураг зураг

НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулганы индэрт АНУ-ын ерөнхийлөгчийн тавьсан 41 минутын урт илтгэл танхимд суусан төлөөлөгчдийн төдийгүй дэлхий нийтийн анхаарлын төвд байсан юм.

Харин энэ үеэр танхимд суусан Цагаан ордны хэрэг эрхлэх газрын дарга, генерал Жон Кэллигийн царай хэвлэлийнхний анхаарлыг онцгой ихээр татжээ. Тэрээр Трампын илтгэлийн туршид айж түгшсэн, эсвэл ичиж зовсон гэмээр байдалтай байсан юм. Нүүрээ гараараа халхалж, доош харж, нүдээ нухан, байж сууж чадахгүй байгаа Кэллигийн гэрэл зургууд сошиал ертөнцөөр тарж, хүмүүс янз бүрийн тайлбар хийж байв.

 

Харин энэ дуулиант үзэгдлийн тухай Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Хакаби Сандерс өчигдөр Fox News сувагт тайлбар өгчээ.

Тэр “Би энэ зурагнаас онцгой зүйл олж харахгүй байна. Америкийн төлөө өдөр шөнөгүй ажиллаж байгаа ерөнхийлөгчийг дагаж ажилласаар бид бүгд ядарсан байгаа нь эндээс харагдаж байна” гэсэн юм.

Хатагтай Сандерс цааш нь хэлэхдээ “Ерөнхийлөгч хаанаас нь гарч байгаа юм гэмээр их эрч хүчтэй ажиллаж байгаа. Бид бүгд түүний хэмнэлээр ажиллах гэж маш их ядарч байна. Генерал Кэрри бас ийм шалтгаанаар ядарсан байсан болов уу” гэжээ. Тэр бас ноён Кэллиг ерөнхийлөгчийн илтгэлийг бэлдэхэд оролцсон хүмүүсийн нэг гэж ярьсан юм.

Чөлөөнд гарсан тэнгисийн цэргийн генерал Жон Кэлли анх удаа ийм байдалтай олны нүдэнд харагдаж байгаа юм биш. Өнгөрсөн зун Шэрлоттсвилд болсон Нео Нацистуудын хүчирхийллийн дараа Дональд Трамп мөргөлдсөн талуудын аль алиныг буруутгасан мэдэгдэл хийхэд Кэлли гараа эвхэж, толгойгоо бөхийлгөсөн байдалтай ард нь зогсож байсан юм.

Ажлаа аваад хэдхэн сар болж байгаа түүний огцрох хүсэлтийг Трамп хүлээж аваагүй гэх яриа ч гарч байжээ.

 

Эх сурвалж: Independent