Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/21-НД НИЙТЛЭГДСЭН

"Угсармал орон сууцны дулаан техникийн ШИНЭЧЛЭЛД дээвэр, хэвтээ болон босоо шугам сүлжээ багтаж байна"

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 9 сарын 21
iKon.MN
"Угсармал орон сууцны дулаан техникийн шинэчлэл" төсөл Баянгол дүүрэгт хэрэгжиж буй талаар хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Хэлэлцүүлэгт оролцсон хүмүүсийн байр суурийг хүргэж байна. 

1,077 орон сууцыг дулаалах шаардлагатай

 
Гэрэл зургийг mpa.mn

НИТХ-ийн төлөөлөгч Л.Нарантуяа "Улаанбаатар хотын 14 хороололд 1965-2000 онд баригдсан угсармал 1,077 орон сууцыг дулаалах шаардлагатай гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан. Үүнээс 465 орон сууц нь БГД-т байрладаг. Нийтдээ 18,000 гаруй айл өрхийг хамарсан дулаан техникийн шинэчлэлийн ажил хийгдэнэ. Ер нь бол орон сууцыг дулаалах ажлыг 2003 оноос хойш ярьсан боловч өнөөдрийг хүртэл дорвитой арга хэмжээ аваагүй.

Угсармал орон сууцны дулаан техникийн шинэчлэлд дээвэр цонх, хэвтээ болон босоо шугам сүлжээ, гадна талын фасад зэрэг багтаж байна. Дулаан алдагдлыг багасгах цогц ажил юм.

Цаашид дулаалгын төслийн төр хувийн хэвшлийн түншлэлээр иргэдийн оролцоотойгоор хэрхэн яаж зөв зохион байгуулах талаар хэлэлцэнэ. Төсөлтэй холбоотой цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлж, ажил хэрэг болгох, шаардлагатай хөрөнгө оруулалтыг судлаж 2018 оны улс, нийслэлийн төсөвт тусгуулна. Тав болон есөн давхар байруудыг дулаалах нэг маягийн зураг төсөл гаргаж байгаа гэсэн мэдээлэл байна" гэлээ. 

Дулааны эрчим хүчний хэрэглээг 31 хувиар хэмнэнэ

 

Улаанбаатар хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэн "Угсармал орон сууцны 14 хорооллоос нийт хэмнэгдэх дулаан 70.3 Гкал/цаг буюу дундажаар дулааны эрчим хүчний хэрэглээг 31 хувиар хэмнэнэ. 

Үүнээс гадна төсөл хэрэгжсэнээр дараах ач холбогдолтой. 
  • Шинээр нэмэгдэх ажпын байрны тоо 4,275 хүн
  • Шинээр барилга, объект барих боломж бүрдэнэ. /9,404 өрхийн буюу 3. 4-р хорооллын хэмжээтэй/
  • Үндсэн хуулинд заагдсан иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах боломж бүрдэнэ.
  • /Бага орлоготой буюу ядуусын хороолол уусэхгуй./
  • Дулааны эрчим хүчний хэмнэлт гарна. /70.3 Гкал/цаг буюу дулааны эрчим хүч 30% хэмнэнэ. ДЦС-2 ХК-ийн хүчин чадалтай дүйцэхүйц ДЭХ-ний нөөц бий болно.
  • Байгаль орчинд эерэг нөлөөтэй.

2018 онд БГД-ийн 20 угсармал барилгыг дулаалах санал гаргасан."Монгол Базальт" ХХК-ийн хэрэгжүүлэх Хан-уул дүүргийн 2 дугаар хорооны 19-31 дүгээр байрны дулаан техникийн шинэчлэлийн ажил хийгдэнэ.

"Угсармал орон сууцны дулаан техникийн шинэчлэл" төслийг улс, нийслэлийн төсөв, олон улсын төсөл хөтөлбөр, сууц өмчлөгч гэсэн эх үүсвэрээс санхүүжүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.Угсармал барилгуудын дулаан алдагдлыг бууруулах ажлын зураг хийгдэж байгаа.

Тухайлбал БГД 15-р хороо 27 Байрны дулаалга техникийн барилгын зураг төслийн ажилд ороод байна" гэлээ. 

Байраа гаднаас нь хөөсөнцөр нааж дулаалж байгаа ч үр дүнгүй байна

 

БГД-ийн нэгдүгээр хорооны "Дөлгөөн ес" СӨХ-ны гүйцэтгэх захирал Ч.Пүрэвжав "Манайх БГД-ийн нэгдүгээр хорооны Хатанбаатар Магсаржавын гудамжинд байдаг. Иргэдийн мэддэгээр арктай шар байр. Манай байр ашиглалтад ороод 31 жил болж байна.

Гадна талын фасадны дулаалга шаардлагатай байгаа. Айлуу байрандаа өөрсдөө дулаалга хийж байна. 

Гэвч хана хоорондын завсарын дулаалга байхгүй болчихсон. Одоогийн байдлаар иргэд хувь хүмүүстэй тохироод байрныхаа гадна талаас хөөсөнцөр нааж дулаалж байгаа ч үр дүнгүй байна.

Бидний хувьд хороо, дүүрэг, НИТХ-ийн төлөөлөгчдөд саналаа хэлж байгаа. Дөрвөн жилийн өмнөөс байрны маань гадна талын дулаалга хийх зураг төсөл гараад дуусчихсан. Хөрөнгө мөнгийг шийдэж өгмөөр байна" гэв. 
 
Угсармал орон сууцанд Улаанбаатар хотын хүн амын 30% нь амьдардаг бөгөөд олон жил ашиглагдсан, барилгын хашилт хийц хуучирч муудсан, дулааны алдагдал их байрууд юм. 
Баянгол дүүргийн угсармал орон сууцны барилгуудын техник шинэчлэл хийснээр 3,682 өрхийн орон сууцны барилгыг дулааны эрчим хүчээр хангах нөөц бий болж байгаа нь гэр хорооллын дахин төлөвлөлт буюу Бичил-7 орон сууцны хорооллын 8,597 айл өрхийн 43 хувийг төвлөрсөн дулаанаар хангах эх үүсвэр бий болно гэж ажлын хэсгийнхэн хэлж байлаа.