Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/21-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгос: Трампын сүрдүүлэг “нохой хуцахтай адил”

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Мягмар гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп анх удаа НҮБ-ын индэр дээрээс үг хэлэхдээ Хойд Солонгосыг “бүрмөсөн сүйрүүлнэ” хэмээн сүрдүүлсэн юм.

Тэгвэл Хойд Солонгос энэ сүрдүүлгийн дараа анх удаа хариу мэдэгдэл хийсэн байна. Өчигдөр буюу Лхагва гарагт Хойд Солонгосын гадаад хэргийн сайд Ри Ён Хо НҮБ-ын ерөнхий ассамблэйн чуулганд оролцохоор Нью Йорк хотод ирсэн юм.

Трампын хэлсэн үгний талаар түүнээс сэтгүүлчид асуухад Ри “Хэрвээ тэр ингэж нохой шиг хуцсанаараа биднийг айлгана гэж бодож байгаа бол энэ жинхэнэ нохойны мөрөөдөл” гэж хэлсэн байна. Өөрөөр хэлбэл “жингэр нохой хуцаж л байдаг, жингийн цуваа явж л байдаг” гэсэн утгатай хэлц үгээр Хойд Солонгос цөмийн зэвсэгтэй болох замаасаа ухрахгүй гэдгийг хэлжээ. Мөн Солонгосчуудын дунд бүтэшгүй зүйлийг “нохойн зүүд, мөрөөдөл” гэж ярьдаг уламжлалт хэлцийг энд ашигласан байна.

Харин Ким Жон Уныг “Пуужинтай хүн” гэж хочилсон тухай асуухад гадаад хэргийн сайд “Би түүний зөвлөхүүдийн өмнөөс ичиж байна” хэмээн товчхон хариулжээ.

Ри Ён Хо маргааш буюу Баасан гарагт НҮБ-ын индэр дээр илтгэл тавих бөгөөд Бямба гарагт НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутеррештэй уулзах юм. Ойр ойрхон цөмийн зэвсэг болон, пуужин туршиж байгаа Хойд Солонгосын асуудал энэ удаагийн НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулганы гол халуун сэдвүүдийн нэг болоод байна.

 

Эх сурвалж: Korea Times