Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/21-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Даваасүрэн: Нэгтгэл болсноор гурван баазын алдагдал буурсан

Б.Пүрэвжав
2017 оны 9 сарын 21
Монголын мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сүүлийн өдрүүдэд Монголын тээвэр холбоо, Газрын тосны Үйлдвэрчний эвлэлийн холбооноос Зорчигч Тээврийн Нэгтгэлийн удирдлага, санхүүтэй холбоотой мэдээллийг олон нийтэд дэлгэсэн билээ. Гэтэл энэхүү мэдээллийнх нь хариу болгож өчигдөр Зорчигч тээврийн нэгтгэлээс мөн л сэтгүүлчдэд тайлбар хийлээ.

Мөн энэ үеэр тус байгууллагын Хуулийн зөвлөх Ц.Баясгалан “Хууль бусаар ажлаас нь халсан нэг ч тохиолдол байхгүй. Зарим нь ажлаас гарах хүсэлтээ өөрөө өгсөн. Эрүүл мэндийн шалтгаанаас болж, ажлаасаа гарсан. Хүндэтгэх шалтгаангүй ажлаа олон хоногоор тасалсан зэрэг зөрчил гарч байсан учраас ажлаас чөлөөлсөн” гэдгийг энэ үеэр дуулгаж байсан юм. Ингээд энэхүү байгууллагад үүсээд байгаа нөхцөл байдлын талаар Зорчигч Тээврийн Нэгтгэлийн орлогч захирал Б.Даваасүрэнгээс тодрууллаа.

-Танай байгууллагыг ажилчдаа шалтгаангүйгээр халсан гэсэн мэдээлэл сүүлийн үед гараад байгаа. Энэ талаар тайлбар өгөхгүй юу. Ер нь энэ мэдээлэл үнэн юм уу?

-Манай байгууллагын талаар ташаа мэдээллийг залруулахаар өөрийн биеэр ирээд байна. Орон тоо, бүтцэд зохион байгуулалттай холбоотой асуудлууд Нийслэлийн Засаг даргын баталсан захирамжаар явж байгаа. Учир нь бид сахилгын зөрчил удаа дараа гаргасан хүмүүсийг дотоод журам, хөдөлмөрийн тухай хуулийн дагуу байгууллагынхаа хурлаар оруулсан. Дараа нь шат дараалсан арга хэмжээ авсан. Харин эцэст нь ажлаас нь халдаг.

-Ажилчдынхаа нийгмийн асуудал техникийн бүрэн бүгэн байдалд хэрхэн анхаардаг юм бэ?

-Нийслэлээс баталсан цалингийн журмыг хэрэгжүүлдэг шүү дээ.Түүнчлэн II, III баазын ажилтнуудын цалин 30 хувиар өссөн байгаа. Мөн 2009 оноос хойш парк шинэчлэл хийгдээгүй учраас бүх тээврийн хэрэгсэл хуучирсан тохиолдол бий. Тиймээс бид сэлбэг запаасыг дотоодын зах зээлээс хангадаг. Гэхдээ бөөнөөр нь авдаггүй. Харин өдөр тутмын шаардлагатай сэлбэгийг авч, тээврийн аюулгүй байдлыг хангаж ажилладаг. 

-Танайх хэчнээн ажилтантай вэ?

-Үйлдвэрчний эвлэлтэй болох саналыг энэ оны дөрөвдүгээр сард гаргаснаар үйл ажиллагаа маань хэвийн явагдаж байна. Одоогийн байдлаар 1,500 гаруй ажилчинтай. Харин үүний 1,300 гаруй нь Үйлдвэрчний эвлэлийн татвараа төлөөд явж байна.

-Нэгтгэл болсноор сөрөг болон давуу тал нь юу байна вэ?

-Ингэснээр гурван баазын алдагдал буурсан. Өөрөөр хэлбэл, өнгөрөгч оны хагас жилийг бодвол 2017 оны хагас жилд 700 сая төгрөгөөр алдагдлыг бууруулж зардлаа бид хэмнэж ажилласан. Түүнчлэн санхүүгийн хуримтлагдсан өр төлбөр нь 6.2 тэрбум төгрөг байсан. Харин үүнийг үе шаттай бууруулан ажилласан. Цаашид ч бууруулна. Нэгтгэл болсноор гурван баазын цалингийн журам нэгдэж, цалин ижил төвшинд очсон. Цалин ямар нэгэн байдлаар буураагүй гэдгийг би хариуцлагатайгаар хэлье.

-Танай байгууллагын гол зардал нь юу байх вэ?

-Гол зардал нь шатахуун байдаг. Энэ онд нээлттэй тендер зарлаж, сонгон шалгаруулалтаар шатахуунаа худалдан авдаг болсон. Ингэснээр литр тутамд 200 төгрөг хэмнэж байна. Харин жилд тэрбум гаруй төгрөгийг хэмнэж ажиллах тооцоо гарсан.

Зураг