Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/20-НД НИЙТЛЭГДСЭН

НИТХ-ын даргад нэр дэвшигчид тодорлоо

С.Бадрал, iKon.mn
2017 оны 9 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж НИТХ-ын шинэ даргын томилгоог буюу нэр дэвшигчийг хэлэлцжээ. НИТХ-ын даргад таван хүн нэрээ дэвшүүлсэн байна. 

  • Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан,
  • Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир,
  • Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга Д.Баярсайхан,
  • НИТХ-ын төлөөлөгч Оюуны ундраа группын захирал Ц.Амарсайхан,
  • Зорчигч тээвэр нэгтгэл ОНӨҮГ-ын захирал Г.Төмөрбаатар гэсэн таван хүн нэр дэвшсэн аж. 

Таван нэр дэвшигчээс Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчдийн олонхийн саналыг Ж.Батбаясгалан авсан байна. Түүний араас Д.Баярсайхан, Г.Төмөрбаатар нар саналын тоогоороо жагсчээ.

Нийслэлийн Засаг даргын орлогч, НИТХ-ын төлөөлөгч Ж.Батбаясгалан нь НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, НИТХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны даргаар ажиллаж байсан туршлагатай нэгэн.  

Д.Баярсайхан нь 1992 оноос хойш дүүрэг болон нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр олон удаа сонгогдон өдгөө НИТХ-ын тэргүүлэгч, Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн даргаар ажиллаж байгаа.

Намын хорооны тэргүүлэгчдийн олонхийн саналыг авсан гурав дахь эрхэм нь Г.Төмөрбаатар. Тэрбээр дүүрэг нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон явсан төдийгүй Сүхбаатар дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан юм. 

Нийслэлийн МАН-ын хорооноос олонхийн санал авсан эдгээр 3 эрхмийг намын Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр нэрийг нь дэвшүүлсэн байна. 

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал яг одоо хуралдаж байна. Удирдах зөвлөлийн хурлаас дээрх гурван эрхмийн хэн нь дэмжигдэн НИТХ-ын даргад нэр дэвших нь удахгүй тодрох нь.