Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/20-НД НИЙТЛЭГДСЭН

Хоёр долоо хоногийн дотор Мексикт хоёр дахь удаагаа газар хөдөлж, 120 орчим хүн амь үрэгдлээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Мягмар гарагт Мексикийн төв хэсэгт 7.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, доод тал нь 120 хүн амь үрэгдэн, байшин барилгууд нурсан байна.

Нурангид дарагдсан хүний тоог тодорхойлох боломжгүй байгаа юм.

Нийслэл Мехико хот болон түүний ойр орчмын хүн ам шигүү суудаг мужуудыг хамарсан тул хохирлын хэмжээ их байна. Зөвхөн Мехико хотын 44 хэсэгт байшин барилгууд нурсан болохыг хотын захирагч Мигуэл Ангел хэлжээ.

1985 онд Мексикт болсон газар хөдлөлтөөр олон мянган хүн амь үрэгдэж байсан бөгөөд түүний дараа орох өндөр хохиролтой гамшигт энэ удаагийнх тооцогдож байна.

Ердөө хоёр долоо хоног хүрэхгүй хугацааны өмнө Мексикийн өмнөд хэсэгт хүчтэй газар хөдлөхөд 90 хүний амь үрэгдсэн юм. Байшин барилгуудад ан цав гарч, нурах магадлал нэмэгдсэн тул хүмүүс олон мянгаараа гудамжинд гарсан байна.

Гар утасны сүлжээ, цахилгаан эрчим хүч тасалдаж, Мексикийн хөрөнгийн зах зээл, песогийн ханш унаад байгаа ажээ. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп газар хөдлөлтийн дараа твиттер хуудсандаа “Мехико хотын иргэдийг бурхан ивээх болтугай. Бид та бүхэнтэй хамт байх болно” хэмээн бичсэн байна.

Мехико хот нь 8.8 сая хүн амтай, дэлхийн томоохон хотуудын тоонд ордог юм.

Эх сурвалж: Reuters