Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/20-НД НИЙТЛЭГДСЭН

ОБЕГ "Эрэлч нохойн алба"-тай боллоо

Т.Саран, iKon.mn
2017 оны 9 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Эртнээс хүний сайн нөхөр байсаар ирсэн нохойг орчин цагт хил, гааль, цагдаа, зэрэг хүчний байгууллагууд гэмт хэрэгтнийг илрүүлэх, онцгой обьект хамгаалуулах, хил хамгаалах, гамшиг ослын үед эрэн хайх аврах ажиллагаанд ашиглаж байгаа аж. 
 
Сүүлийн жилүүдэд байгаль, цаг агаарын өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллагаанаас үүдсэн аюулт үзэгдэл, ослын тоо, давтамж өссөөр байна.
 
Тиймээс Онцгой байдлын ерөнхий газраас эрэн хайх, аврах үйл ажиллагаанд нохойг ашиглах, сургаж дадлагажуулах, нохойн сургагч, хөтлөгчийг бэлтгэх  ажлыг эхлүүлж улмаар Засгийн газрын 2016 оны 282 дугаар тогтоолын дагуу ОБЕГ-ын харьяа "Эрэлч нохойн алба"-ыг байгуулаад байгаа юм. 

Нохойны үнэрлэх чадвар хүнийхээс арав дахин илүү

 

Нохой нь аврагчийн бүтэн хоногт хийх эрлийн ажлыг хоёроос дөрвөн цагт гүйцэтгэх чадвартай төдийгүй үнэрлэх чадвар нь хүнийхээс арав дахин илүү байдаг байна.

"Эрэлч нохойн алба"-ыг НОБГ-ын Хан-Уул дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийг түшиглэн байгуулж, нээлтийн ажиллагааг өнөөдөр зохион байгууллаа.

 
"Эрэлч нохойн алба"-тай болсноор Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх албаны бэлтгэл, бэлэн байдлыг хангах, аврагчдын аюулгүй байдал болон тэдний ажлыг хөнгөвчлөх, эрэн хайх ажиллагааг шуурхай явуулах, эрлийн ажиллагаанд ашигладаг өндөр өртөг бүхий тоног төхөөрөмжийн зардлыг хэмнэх, эрэн хайх, аврах ажиллагаа явуулахад цаг хугацаа хожих зэрэг давуу талтай юм.

 Эрэлч нохой нь долоогоос есөн жил үүрэг гүйцэтгэдэг

 

Монгол Улс 2018 онд дунд түвшний олон улсын аврах багтай болохоор ажиллаж байгаа. Олон улсын аврах багтай болох гол шалгуурт "Эрэлч нохойн алба"-тай байх ёстойг тусгасан байдаг.Тус алба нь дөрвөн сургагч багштай. 7-13 сартай 10 нохойтой.

 

Нохойг зургаан сартайгаас нь эхэлж сургаж эхэлдэг аж.  Ингэж бэлтгэгдсэн эрэлч нохой нь долоогоос есөн жил үүрэг гүйцэтгэх боломжтой байдаг гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.