Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/20-НД НИЙТЛЭГДСЭН

Бага насны хүүхдүүдийг дэлгэцийн тоглоомоос холдуулахын тулд цуврал ном гаргажээ

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 9 сарын 20
iKon.MN
Монголын Хөтлөгчдийн Холбооноос /МХХ/  "Хүүхдээ дэлгэцээс аваръя" аян хэрэгжүүлж байгаа аж. Энэ талаар өнөөдөр зохион байгуулагчид мэдээлэл хийлээ.
 

МХХ-ны гишүүн, зохиолч П.Шүр-Эрдэнэ "Бид ЕБС -ийн бага анги, сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн дунд чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлэхийг хүсдэг вэ? гэсэн асуултад хариулт авч, судалгаа хийсэн. 

Судалгаанд нийт 720 хүүхэд оролцсоноос 69.3 хувь нь чөлөөт цагаараа гэртээ зурагт үздэг, компьютер эсвэл утас тоглодог гэсэн хариултыг өгсөн. Харин үлдсэн 30.7 хувь нь бусад зүйлийг хийдэг байв.

Мөн өдөрт 11 цаг зурагт үзэж, компьютер тоглодог хүүхэд байсан. Аав, ээж нь өглөө 09:00 цагт ажилдаа гарахдаа хүүхдээ гэрт нь цоожилж яваад, орой 19:00 цагт гэртээ ирдэг. Тэр хүүхдээс өдөржингөө юу хийдэг вэ гэж асуухад, зурагт үзэж, компьютер тоглодог гэж хариулсан.

Тиймээс бид бага насны хүүхдүүдийг дэлгэцийн аюулаас хамгаалж, номтой нөхөрлүүлэхийн тулд "Хүүхдээ дэлгэцээс аваръя" аяныг зохион байгуулж байна. Мөн аяны хүрээнд "Адал явдалт Зуна" хүүхдийн цуврал зохиол бичиж, эхний цувралыг гаргасан. Номын зорилтот бүлэг нь 4-13 хүртэлх насны хүүхдүүд хамрах ба нийт 12 цуврал бүлэгтэй. 

"Адал явдалт Зуна" тоглоомонд хувирсан нь

Зохиолын гол дүрд дэлгэцийн тоглоом маш ихээр тоглодог хүүхдэд тохиолдож байгаа адал явдал гаргах юм. Тэрбээр дэлгэцийн тоглоом хэт тоглосноосоо болж хүүхэд байхаа больж, ямар нэгэн ид шидээр тоглоомон машин болж хувирах эсвэл тоглож буй тоглоомдоо орох, гар утас болон хувирах зэрэг үйл явдал гарах юм. Ингэснээр буцаж гэртээ очихын тулд, эргэж хүүхэд болохын тулд хичээж байгаа чармайлт гарна. Энэ хугацаанд эцэг эх найз нөхдөө хүндэлж хайрлах, орчлон ертөнцийг танин мэдэх гэх мэт олон зүйлийг сурч мэдээд гэртээ ирж байгаа адал явдал гарах юм" гэлээ. 

 

МХХ-ны тэргүүн Б.Пүрэвсүх "Манай МХХ хүүхдийн чөлөөт цагийг зөв өнгөрүүлж, дэлгэцээс холдуулах зорилгоор дугуйланд явах боломжгүй, мэдээлэл муутай эцэг эх, хүүхдүүдэд туслах ажлыг хийж байгаа. Бид тухайн хүүхдийн сонирхсон чиглэлээр дугуйланд хамруулах гол гүүр нь болж байна. Тухайлбал, төгөлдөр хуур, балет, шатар, даам, язгуур урлаг, морин хуур, ерөөл, магтаал чиглэлээр дугуйланд хамруулж байгаа" гэв.

"Адал явдалт Зуна" ном "Интер ном" номын дэлгүүрийн төв, E-mart, Shangri-La тус тус салбаруудад худалдаалагдаж байгаа аж.