Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/20-НД НИЙТЛЭГДСЭН

Чехийн амьтны хүрээлэн $2 саяын үнэтэй хирсний эврийг шатаажээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Мягмар гарагт Чехийн нэгэн амьтны хүрээлэн хар захын ханшаар $2 сая хүрэх үнэтэй, хирсний 33.5 кг эвэрнүүдийг шатааж устгажээ.

Нийслэл Прага хотоос зүүн хойш 110 км зайнд оршдог Двур Кралове амьтны хүрээлэнд 19 хирс байдаг нь Европт хамгийн олон тоотойд тооцогддог юм.

Энэ оны эхээр тэд хулгайч, гэмт хэрэгтнүүд эвэрнээс нь болоод амьтдыг алахаас сэргийлж, хирснүүдийнхээ эврийг тайрсан байна.

Өнгөрсөн гуравдугаар сард Парисын ойролцоох амьтны хүрээлэнгийн хирсийг алж, эврийг нь хулгайлсан хэрэг гарсны дараа ингэхээр шийджээ.

Азийн уламжлалт анагаах ухааны зах зээлд килограм нь $65,000 хүрдэг тул хулгайн анчид Африкийн хирсийг эрчимтэй устгах болсон юм.

Өмнөд Африкийн эрх баригчид хулгайн анчдаас хураасан эврийг өнгөрсөн наймдугаар сард дуудлага худалдаагаар зарсан бa дараагийн худалдааг өнөөдөр хийх гэж байгаа.

Харин Чехүүд үүнийг эсэргүүцэж, дээрх ажиллагааг өчигдөр зохион байгуулсан юм.

Хүрээлэнгийн захирал Премисл Рабас “Бид худалдааг хууль ёсны болгох замаар хирсний аллагыг зогсоохгүй” гээд “Энэ бол эрэлтийг нь нэмэгдүүлэхээс өөр нөлөөгүй, ноцтой алдаа” гэж хэлжээ.

Дэлхийн олон улс орнууд хураагдсан хирсний эвэр, зааны соёо зэргийг устгалд оруулж, үүнийг бизнес биш гэдгийг олон нийтэд харуулдаг. Харин Өмнөд Африкийн зохион байгуулсан дуудлага худалдаа ховор үзэгдэл болж байгаа юм.

 

Эх сурвалж: Associated Press